ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2014-12-03   14:45:10   54233   0
  Ургамлын тос авах гэж гадагшаа доллар урсгах шаардлагагүй боллоо
-Баруунхараагийн тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр ургамлын тосны дотоодын хэрэгцээг бүрэн хангана-

Хуучнаар Баруунхараагийн сангийн аж ахуй, одоогийн нэршлээр бол Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр ажиллаж эхлэх гэж байна. Энэ үйлдвэр Дарханд ажилладаг “Алтан нар” ургамлын тосны үйлдвэрийг түүхий тосоор хангана. Монгол Улс ургамлын тос хийх гэж гаднаас түүхий тос импортлох шаардлагагүй болсон гэсэн үг. Ам.долларын ханш нэмэгдсэнээс хойш “Алтан нар” үйлдвэрийнхэн түүхий тосоо үнэтэй авахаас аргагүйд хүрээд байсан юм. Долларын ханшийн өсөлтөөс болж үндэсний үйлдвэрийн хийдэг ургамлын тос үнэтэй гэсэн шүүмжлэлд өртөж, импортын ургамлын тосонд орон зайгаа тавьж өгөхөөс аргагүйд хүрээд байсан билээ. Харин одоо монголчууд эх орондоо тарьсан рапсыг шахаж түүхий тос хийн, үйлдвэрлэсэн түүхий тосноосоо ургамлын тос гаргаж авах боломжтой болоод байна. Ингэснээр жил бүр гадаадын улсуудад ургамлын тос авах гэж өгдөг 30 сая ам.доллараа хэмнэх боломж нээгдэж байгаа юм. Сонирхуулж хэлэхэд манай улс 17 орноос ургамлын тосоо импортолж хэрэглэдэг, ургамлын тосны хэрэглээгээ бараг зуун хувь гаднаас хангадаг аж.

Баруунхараад аль хэдийнэ сүндэрлэсэн тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлийн 888 төслийн “Чингис” бондоос санхүүжилт авсан зөвхөн нэг төсөл нь юм. Бондын мөнгөнөөс импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниудыг дэмжиж арилжааны банкуудаар дамжуулан зээл олгож байгаа билээ. “Дельта холдинг”-ийн охин “Майнд теч” компани бондоос санхүүжилт авч үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг дуусгаад байна. Тус үйлдвэрийг сурвалжлахаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг зорилоо. Улаанбаатар-Дарханы чиглэлд зорчигчдод үйлчилж эхэлсэн рэйлбус саяхнаас Баруунхараад зогсдог болжээ. Рэйлбусаар гурван цаг орчим явсаны эцэст Баруунхараад ирлээ. Тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр гэхээр захын хүн андахгүй юм. Монголчуудын ургамлын тосны түүхий эдийг үйлдвэрлэх шинэ үйлдвэр сумын зүүн талд баригджээ. Томоо гэгчийн хашаанд хэд хэдэн барилга, байгууламж барьсан нь барааны газраас тодхон харагдана. Сумын хамгийн том бүтээн байгуулалт гэдэг нь харваас илт юм.

Биднийг “Майнд теч” компанийн ерөнхий захирал У.Мөнхжаргал үйлдвэрийн даргатайгаа угтав. “Майнд Теч”-ийн толгой компани “Дельта Холдинг” 1998 оноос Герман, Аргентин, Орос, Голланд, Бельги, Итали зэрэг улсаас ургамлын тос импортолж эхэлжээ. Ургамлын тосны зах зээлд шинэ компани биш аж. Голдуу Германаас ургамлын тос импортолдог гэнэ. Импортын тосны бараг жаран хувийг дангаараа оруулж ирдэг гэж удирдлагууд нь сонирхуулав. Дөрвөн жилийн өмнөөс үйлдвэр байгуулахаар шийдэж, бүтээн байгуулалтаа хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ. Бондоос хөнгөлөлттэй зээл авсан учраас үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж чадсан юм байна.

Үйлдвэрийн дарга З.Ганзориг, үйлдвэрийн ерөнхий инженер Д.Өлзийбат хоёр үйлдвэрээ танилцуулсан юм. Үйлдвэрийн хашаагаар оронгуут хамгийн наад талд нь пүүлэх хэсэг барьжээ. Энд тариаланчдын тарьсан рапсын чийгшлийг шалгаж, пүүлж авдаг аж. Ийм пүү эдний компаниас гадна Оюу толгойд л байдаг гэнэ. 18 метрийн урттай, 100 тонны даацтай аварга эд юм. Пүүнийхээ хажууд хүлээн авах байртай аж. Рапсаа шалгаж авдаг газар нь энэ гэнэ. Тариаланчдаас 6000 гаруй тонн рапс худалдаж аваад байгаа юм байна.

Пүүний цаахна байрлах томоо гэгчийн агуулахад рапсыг шуудайлан өржээ. Рапс хадгалж буй энэ байранд үйлдвэрээс гарах бас нэг бүтээгдэхүүн болох шахдасаа хадгалах юм байна. Рапсыг нь сонирхлоо. Шар будаа шиг хэлбэртэй, хар өнгийн зүйл аж. Хуруугаараа имэрч үзэхэд доторх нь шар өнгөтэй юм. Үйлдвэрт оруулж шахахад 35 хувь нь тос болж, үлдсэн нь малын тэжээлийн гол түүхий эд болох шахдас болдог гэнэ. Шахдсыг үйлдвэрийнхэн кэйк гэцгээж байлаа. Эдний үйлдвэр ургамлын тос, малын тэжээлийн гэсэн хоёр үйлдвэрийн түүхий эдийг үйлдвэрлэх аж. Сонирхуулж хэлэхэд тослог ургамлын үр өөртөө 42 хувийн тослог агуулдаг гэнэ. Үйлдвэрлэлийн явцад энэ тосны 35 хувийг түүхий тос болгон шахдаг байна. Үлдсэн долоон хувийн тос нь кейкэндээ үлддэг гэж З.Ганболд ярив.



Агуулахын цаадах гурван давхар байшин түүхий тос гаргаж авах үйлдвэр аж. Үйлдвэрийн цаахна 12 давхар байшинтай тэнцэхүйц өндөртэй барилга харагдав. Бетондож барьсан энэ барилга тэр чигтээ рапсын агуулах юм байна. Хоёр давхарт нь юм уу, 11, 12 давхарт нь л гарах боломжтой гэж үйлдвэрийн дарга З.Ганзориг сонирхуулав. 10 мянган орчим тонн үр хадгалах багтаамжтай энэ аварга агуулахаас гадна нэг бүр нь 3000 тоннын багтаамжтай үр хадгалах төмөр бетонон село хоёрыг эгнүүлжээ. Ийм сав ахиад арваадыг барих гэнэ. Үйлдвэрийн аварга хашааны хойд талд нэг нь 500 тоннын багтаамжтэй тосны танк хоёрыг угсарчээ. Үйлдвэрээс гарсан түүхий тосыг энд хадгалах юм байна. Ийм танк найм байх нь. Биднийг очиход гадуур нь сендвичэн барилга барьж байв. Үйлдвэрээс гарсан тосыг хүйтэнд царцаахгүйн тулд ингэж тусгаарлаж байгаа юм байна. Энд хадгалсан түүхий тосыг вагон, машинаар Дарханы “Алтан тос” ургамлын тосны үйлдвэр рүү тээвэрлэх аж. “Алтан тос” үйлдвэр эндээс очсон түүхий тосны хурц үнэр, амтыг арилгаж хүнсэнд хэрэглэх зориулалттай ургамлын тос үйлдвэрлэх гэнэ. Сонирхуулж хэлэхэд “Алтан тос”-ыг “Дельта холдинг”-ийнхон анх оросуудтай хамтран босгож байж. Тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрийн дарга “Алтан тос”-ын захирлаар хоёр жил гаруй ажилласан туршалагатай нэгэн аж.

Тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь Герман, Швейцарь, Туркийнх гэнэ. Үйлдвэрлэлийн шат нь Германых бол түүхий эдээ хүлээж авч, цэвэрлэж, үйлдвэрт хүргэж өгдөг хэсэг нь Швейцарийнх юм байна. Дэлхийд танил болсон Германы HF, Швейцарийн “Buhler”-ийн техник, технологийг импортолжээ. Түүхий эд хадгалах сав нь Туркийн “Dehsetiler” компанийнх гэж үйлдвэрийн дарга сонирхуулав. Үйлдвэрт Баруунхараагийн уугуул хүмүүс ажиллаж эхэлжээ. Биднийг очиход үйлдвэрийн тохируулгыг хийхээр ирсэн герман мэргэжилтнүүд завгүй ажиллацгааж байсан юм. Үйлдвэрийн үйл ажиллагаа, удирдаж хянадаг хэсгийг нь сонирхов. Хоёр компьютерээр л бүхнийг хянаж удирдах боломжтой юм байна. Бүрэн автоматжсан, евро стандартын энэ үйлдвэрт тавь орчим хүн ажиллах аж. Үйлдвэрийн процессыг энгийнээр хэлбэл эхлээд тослог ургамлын үрийг цэвэрлэж, тодорхой температурт халааж тос шахалтанд бэлтгэж өгдөг байна. Шахсан үрээ дахин халааж, дахин шахна. Эцэст нь ялгарсан тос болон кейкээ шүүж тус бүрд нь савлаж хадгалдаг юм байна.

“Чингис” бондоос 22 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

Тариалангийн бүс гэгддэг Төв, Сэлэнгийн завсар байрладаг, төмөр зам, авто замтай учраас Баруунхарааг сонгожээ. Түүхий эдээ хүлээж авахад асуудалгүй, тээвэрлэлтэд санаа зоволтгүй учраас ашигтай ажиллах боломжтой гэнэ. Социализмын үед энд багсармал тэжээлийн үйлдвэр ажиллаж байж. Ерээд оноос ажиллахаа больж, тоногдож, эзгүйрсэн үйлдвэрийн суурин дээр үйлдвэрээ босгосон учраас зардал нь арай гайгүй гарсан аж. Гэхдээ л энэ үйлдвэр 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босчээ.

“Майнд теч”-ийн захирал “Манай компани Чингис бондоос 22.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Санхүүгийн маш том дэм болсон. Хүү багатайгаас гадна төгрөгөөр өгч байна. Үүн шиг том дэмжлэг гэж байхгүй. Мөнгөгүй бол үйлдвэрлэл явуулна гэж мянга яриад нэмэргүй л дээ. Санхүүгийн хувьд жаахан гайгүй болоод ирэхээр хүнтэй юм ярих боломж гарч ирж байна. Урт хугацааны төлөвлөлтөө хийх чадалтай боллоо. Бондын мөнгийг ах, дүү, хамаатан садан нь аваад идчихлээ гэж ирээд ярих юм. Улстөрийн гуйвуулга байдаг юм уу, цаанаа ямар учиртайг бүү мэд. 888 төслийн санхүүжилтын хувьд тийм биш. Бондоос зээл авч байгаа бүх үйлдвэр банкны шалгуурыг хангасан. Банк ямар ч үед эрсдлээ бодох нь тодорхой. Би л гэхэд хорь гаруй жил бүтээсэн бүхнээ барьцаанд тавьж байж зээл авсан. Манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирэхээр ургамлын тосны дотоодын хэрэгцээг зуун хувь хангана гэдэг бол эдийн засагт үзүүлж байгаа том дэм. Монголчууд ус, ундаагаа өмнө нь гаднаас зөөдөг байсан бол одоо өөрсдөө хийдэг болсон. Үйлдвэрлэгчдэд мөнгө очиж байгаа учраас л тэр шүү дээ” гэж ярилаа.

Рапс, гүргэм, маалинга, шар буурцаг, чацарганаас ч тос гаргаж авна



Эдний үйлдвэр бүх төрлийн тослог ургамлаас тос гаргаж авах боломжтой юм байна. Дорнын анагаах ухаанд тан хийхэд хэрэглэдэг гүргэмийг Монголдоо тарихаар төлөвлөжээ. Гүргэмийн хувьд рапсыг шахаж хийдэг тосноос 50 хувиар илүү үнэтэй зарагддаг, тансаг зэрэглэлдээ ордог, эмчилгээний чанартай сайн чанарын тос юм байна. Рапсаас гаргаж авсан тосон дээр гүргэмийн тосноос багахныг нэмж савлахад л үнэлгээ нь өсөөд явчихдаг гэнэ. Маалинга тарих бодол ч байгаа аж. Маалингаас тос гаргаж авахаас гадна даавууны түүхий эд болдог байна. Шар буурцагийг тарьж туршихад Дорнодод сайн ургажээ. Наранцэцэг, эрдэнэшишийг тарихап хэцүү гэж үйлдвэрийн дарга ярьж байв. Сонирхуулж хэлэхэд энэ үйлдвэрт чацарганыг шахаж чацарганы тос гаргаж авах ч боломжтой юм билээ. Тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр эхний ээлжинд өдөртөө 100 тонн түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж эхлэх нь. Цаашдаа хоногт 300 тонн тос үйлдвэрлэх боломжтой гэнэ. Тариаланчид хангалттай хэмжээний рапс тариалаад байвал хоёр гурван машин нэмээд л ийм хүчин чадлаар ажиллаж эхлэх аж. Хүчин чадлаа ингэж нэмбэл дотоодын хэрэглээгээ бүрэн хангаад илүүг нь экспортолж валют олох боломж нээгдэнэ гэсэн өөдрөг мэдээг үйлдвэрийн дарга дуулгав. Энэ үйлдвэр жилийн нэг сард нь ажилчдаа амрааж, нэг сард нь технологийн горимын цэвэрлэгээ хийж, 300 хоног тасралтгүй ажиллах юм байна.

Рапсын тосны хувьд хүний биед ороод бүрэн задардаг, хортой бодис үлддэггүй гэдгээрээ эрүүл мэндэд сайн нөлөөтэй юм байна. Хятад, Малайз, Сингапураас манай улсад орж ирдэг нэг, таван литрийн дал модны тос гэхэд л ходоодонд ороод шингэхдээ муу, хадгалалтын хугацаа нь дуусах шахсан, дахин савласан зэрэг олон “но”-той байдаг гэнэ. Рапсыг хөрс гэмтээдэг, чанартай биш гэсэн шүүмжлэл сонсогддог. Энэ талаар “Майнд теч”-ийн захирал “Рапсын хувьд хятад, германых гэж хоёр янз бий. Ирукийн хүчлийн ургамлын тосонд байх хэмжээ 0.1 хувиас доош байх ёстой. Үүнээс дээш байвал хорт хавдрын үндсэн шалтгаан болчихдог. Бас хятад рапс германыхаас хорь дахин гашуун байдаг учраас тэжээл хийхээр мал идэж чаддаггүй. Манай компанийн хувьд германы гибрид сортын гурван янзын үр оруулж ирж тариаланчдад зээлээр өгсөн. Маш үнэтэй сайн чанарын үр л дээ. Хятад үрээс арав дахин өндөр үнэтэй. Манай үйлдвэр герман сортын үрээр тарьсан рапсаар тос хийнэ. Ургамлыг сэлгэж тарьж байж хөрс чанартай байдаг. Рапс тарьж эхэлснээр Монгол орон харин ч сэлгээний тарималтай болсон” гэж ярилаа.

Харин үйлдвэрийн дарга З.Ганболд “Бид гибрид сортын үрээ улсын сорт сорьцын зөвлөгөөнөөр оруулж цаашид тарьж болно гэсэн зөвшөөрөл, лицензээ авсан. Энэ зөвлөлд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд багтдаг юм. Манай компани Германаас авчирсан сортоо гурав дахь жилдээ тариалж байна. Хятад рапсын хувьд ямар нэг сортын нэршилгүй, монголчууд зэрлэг ургамал маягаар тарьж тэрийг нь хятадууд худалдаж авдаг юм. Хятадын рапс гээд буй шар рапс нь үнэн хэрэгтээ гичийн төрлийн ургамал. Хүнсэнд хэрэглэх боломжгүй л дээ” хэмээн ярьсан юм. Герман сортын үр нь ягаан өнгөтэй юм байна. Хятад рапсын үр нь герман сортоосоо амтаараа ч ялгаатай байв. Зажлахад илүү гашуун юм билээ. Герман сортын хувьд генийн төвшинд нь өөрчлөлт хийгээгүй лабораторийн төвшинд өөрчлөлт хийжээ. Лабораторийн төвшинд өөрчлөлт хийсэн гэдгийг “Майнд теч”-ийн захирал “Ургамал эр, эм гэж бий. Эр, эм ургамлынх нь сайн чанаруудыг аваад хийчихсэн гэсэн үг. Тэгэхээр ургац өндөр авна. Янз бүрийн бодисуудыг нь ялгаад авчихдаг сайн талтай. Генетикийн төвшинд өөрчилсөнийг нь GMO гэдэг. Америк, Канад хоёр гаргаж авсан. Тийм ч учраас америкчуудын дунд таргалалт өндөр байдаг. Ийм бүтээгдэхүүнийг манайд зөвшөөрдөггүй” гэж тайлбарлалаа. Үйлдвэрийн удирдлагууд герман рапсын үрийн тариалалтыг стратегийн болгох чиглэлээр бодлогод тусгаж өгөхийг шийдвэр гаргагчдаас хүсээд байгаа юм байна. Учир нь тэдний үрийг нь оруулж ирсэн сайн чанарын герман рапсыг хятадууд үнэ цохин худалдан авах зэрэг саад бэрхшээл тулгарж байгаа аж.

Малын тэжээлийн түүхий эд үйлдвэрлэнэ



Энэ үйлдвэрээс гарах хоёр бүтээгдэхүүний нэг нь шахдас гэж өмнө дурдсан. Рапсын шахмал малын тэжээлийн орцын 20 хувийг бүрдүүлдэг юм байна. Манай улс жилд 370 гаруй вагон малын тэжээл гадаадаас оруулж ирдэг гэнэ. Үйлдвэр ажиллаж эхэлснээр малынхаа тэжээлийг эндээ шийдэх боломж гарч ирэх юм байна. Эдний үйлдвэрээс гарсан шахдасыг арвай буудай энэ тэртэй холиход л малын тэжээл болчих юм билээ. Эндээс гарсан шахдсаар тэжээл хийгээд эхэлбэл фермерүүд гаднаас өндөр үнэтэй тэжээл авах шаардлагагүй болно, илүү гарсныг нь экспортолж доллар олох боломжтой гэж үйлдвэрийн дарга ярьж байлаа. Дашрамд дуулгахад рапсын үрээс түүхий тос, шахдасыг гаргаж авахад ямар ч химийн бодис хэрэглэдэггүй гэнэ. Энэ утгаараа эко бүтээгдэхүүнд тооцогддог байна. “Майнд теч”-ийн захирал “Малын тэжээлээ зуун хувь дотоодоосоо хангаад эхлэхээр фермер, жижиг дунд үйлдвэрүүдийн хөгжих суурь тавигдана. Мал хариулахаа, гахай үржүүлэх үү гэдэг сонголт гарч ирнэ. Хятадад сүүлийн хэдхэн жилд гахайн махны үнэ тав дахин өслөө. Хэрвээ фермерийн аж ахуй хөгжөөд ирвэл Хятад гэдэг том зах зээл бидний өмнө байна” гэж ярилаа.

Биодизелээр дотоодын хэрэглээнийхээ арав гаруй хувийг хангана

Ургамлын түүхий тос, малын тэжээл болдог кейкээс гадна биодизель үйлдвэрлэнэ гэсэн таатай мэдээг “Майнд теч” компанийн захирал дуулгав. Эхний ээлжинд жилдээ 90 мянган тонн түүхий тос үйлдвэрлэх тооцоо гарчээ. Үүнээс хориод мянган тонн ургамлын тос гаргаж авахаас гадна, арав гаруй мянган тонн биодизель үйлдвэрлэх нь. Ургамлын тосноос гаргаж авдаг дизелийг био гэж тодотгодог юм байна. Газрын тосноос гаргаж авсан дизелээс хорь дахин бага утаа ялгаруулдаг гэнэ. Европт аль хэдийнэ хэрэглээ болсон аж. Германд гэхэд л биодизелийн гар аргын жижиг үйлдвэр олноороо ажилладаг байна. Бүр хоолны газрын хаягдал тосыг боловсруулаад дизель үйлдвэрлэдэг юм байна. Үйлдвэрийн хүчин чадлыг дээд хэмжээнд нь хүртэл өргөтгөвөл Монгол Улсын хэрэглэдэг дизелийн 20-30 хувийг өлхөн хангана гэсэн өөдрөг тооцоог “Майнд теч”-ийнхэн хийжээ. Дизелийн үйлдвэр нь төслийн хоёр дахь шат юм байна. Биодизелийн түүхий эдийн 90 хувь нь үйлдвэрээс гарсан түүхий тос байх нь. Арван хувь нь бензин ч юм уу, этонал байх аж. Ирэх жилээс дизелээ үйлдвэрлээд эхлэх боломжтой гэнэ. Тосны ургамал буюу рапсын тариалалт сайн байвал биодизель гаргаж авахад тийм ч төвөгтэй биш бололтой. Өөр нэг таатай мэдээ дуулгахад энэ үйлдвэрт биодизелээс гадна маргарин, масло, майонез үйлдвэрлэх боломжтой юм байна.

http://wap.eagle.mn

СЭДЭВ : Нийтлэл