ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-06-11   19:37:59   55587   0
  Увс аймгийн Ховд сумын иргэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ орон нутгийнхаа хэрэгцээг хангаж байна
Жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангийн хэмжээ нэмэгдсэнээр нэг иргэн 10-50 сая төгрөгийн зээл авах боломжтой болжээ. Ингэснээр иргэн аж ахуйн нэгжийн бизнесийн үр ашиг дээшилж модон эдлэл, нарийн боов, газар тариалан, гутал засвар, эрдэс тэжээл, сүүний фермүүдийн үйл ажиллагаа орон нутагт тогтворжиж эхлээд байна. Увс аймгийн Ховд суманд 2014 онд жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сангийн зээлд 9 иргэн, нэг хоршоо хамрагдсан байна. "Арвин Өгөөж" цех 2013 онд хоёр ажилтантайгаар түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 2014 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдснаар шинэ ажлын байртай болж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна. Ажилчдаа мэргэжлийн сургалтанд хамруулан, хүчин чадлаа нэмэгдүүлснээр тус цех сумынхаа албан байгууллага, айл өрхийн талх нарийн боовны хэрэгцээг бүрэн хангадаг болжээ. "Арвин Өгөөж" цех 10 төрлийн нарийн боов, хоёр төрлийн талх үйлдвэрлэж, сардаа хоёр сая төгрөгийн борлуулалт хийдэг байна.
М.Хөххүү "Арвин Өгөөж" цехийн эрхлэгч

- Та анх хэзээ талх нарийн боовны цех ажиллуулъя гэж бодов? Эхлэл хэр байсан? Одоо ЖДҮ-ийг дэмжих зээлд хамрагдаад явж байна? Бизнесээ хөгжүүлж чадаж байна уу?
- Анх 2013 оны хавар хоёр ажилтантай, жижиг шарах шүүгээтэй түрээсийн байранд ажиллаж, сумын сургуулийнхаа үдийн цай хөтөлбөрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байлаа. Хийсэн бүтээгдэхүүн маань эрэлттэй байсан учраас өргөжүүлэх шаардлага гарч, 2014 оны 12 сард Сум хөгжүүлэх сангийн хүрээнд ЖДҮ-ийг дэмжих төсөлд хамрагдаж 10 сая төгрөг авсан. Энэ мөнгө ажлын шинэ байртай болох, тоног төхөөрөмжөө шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд маш их хэрэг болсон. Том шарах шүүгээ, гурил зуурагч гээд шинээр тоног төхөөрөмжүүд ч авсан. Одоо үйл ажиллагаа маань өргөжөөд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цай, дотуур байрны талх нарийн боовны хэрэгцээг хангаж байна. Мөн түүнчлэн сумынхаа дэлгүүр, түргэн үйлчилгээний цэгүүдэд бөөний үнээр нийлүүлснээр манай сумын хүнсний худалдаа эрхлэгчид аймаг руугаа 180 км явж авдаг байсан талх нарийн боовоо орон нутгийнхаа үйлдвэрээс шинэхэнээр нь авдаг болсон гээд гарсан дэвшил их бий.


Ховд сумын иргэн Барсүрэн өнгөрсөн онд зээлд хамрагдсанаар өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж "Уран хийц" модон эдлэлийн цехээ нээжээ. Түүний цех захиалгаар бүх төрлийн модон эдлэл, гэрийн тавилга үйлдвэрлэдэг болсон байна. Үйлдвэрлэлээ улам өргөжүүлж, олон хүнийг ажлын байраар хангаж, орон нутагт орчин үеийн загварлаг, чанартай тавилга үйлдвэрлэх зорилготой хэмээн мужаан залуу ярьж байна.
Д.Барсүрэн "Уран хийц" мужааны цехийн эрхлэгч

- Хэзээнээс модон эдлэл хийх болсон бэ? Одоо өөрийн гэсэн цех нээгээд ажиллуулж байгаад нь юуны өмнө баяр хүргэе?
- Баярлалаа. Би сумынхаа сургуульд найман жил сураад Улаангом коллежийн уран сийлбэрийн ангид элсэн суралцсан. 2013 онд сургуулиа төгссөнөөсөө хойш модон эдлэлээр иргэдийн захиалгаар тавилга хийдэг болсон. Сумын иргэд модон эдлэлд одоохондоо бүрэн нийцэж чадахгүй байгаа ч гэсэн захиалга их ирдэг. Тиймээс 2014 онд ЖДҮ-ийн төсөлд хамрагдаж 12 сая төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөөрөө ажиллаж байсан байраа өргөжүүлж, тоног төхөөрөмж нэмж аван, материал татсан байгаа. Хоёр хүнийг ажлын байраар хангаад ажиллаж байна.
- Бүх төрлийн тавилга хийдэг юм байна. Онцлог, давуу тал нь юу байна?
- Модоор хийсэн учраас хятадын эслэг хавтангаар хийсэн тавилгаас чанараараа илт давуу. Эрүүл мэнд талаасаа ч тэр хамаагүй илүү байдаг. Миний хувьд гол нь захиалга өгсөн хүнийхээ хүсэл сонирхолд нийцүүлж хийхийг чухалчилдаг. Энэ орны матрасс гэхэд Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ашигладаг байгаа.


Ховд сумын Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авч, төслөө үр ашигтай хэрэгжүүлж буй газар бол "Таргууд Эрдэнэ Баясах" хоршоо. Тэд 2011 онд Төв аймгийн Батсүмбэр сумаас дөрвөн тугалтай үнээг нэг бухын хамт авчирч сүүний фермийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байжээ.
П.Эрдэнэбаатар ""Таргууд Эрдэнэ Баясах" хоршооны гишүүн

- Анх сүүний чиглэлийн фермийн үйл ажиллагаагаа эхлүүлж байснаас тань яриагаа эхлэе? Одоо хэр үр дүнтэй ажиллаж байна?
- 2011 онд Төв аймгийн Батсүмбэр сумын сангийн аж ахуйгаа саалийн дөрвөн тугалтай үнээ, нэг хээлтүүлэгч бухтай авчирч байсан. Одоо өсөөд саадаг 11 үнээтэй, сувай 10 гаран гээд хорь гаруй үхэртэй болсон. Сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдснаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, үхрийн байр барьж авсан. Өвөлд үнээгээ байрлуулах дулаан байртай болсноор сүү сайн гардаг. Саадаггүй үхрээ хөдөө малчинтай, тэндээ маллуулдаг. Одоогоор сумынхаа сургууль, цэцэрлэг, дотуур байрны хэрэгцээнд зориулж сүү, тараг гэрээгээр нийлүүлж байна.
-Сум хөгжүүлэх сангийн үр шим хэр байна гэж бодож байна?
- Сум хөгжүүлэх сангийн зээлийг иргэдэд олгож, үйлдвэрлэлийг нь дэмжсэнээр ажлын байр бий болж, сум орон нутагт өгөөжөө өгч байгаа гэж боддог. Манай суманд иухайн үед нэг литр сүү 2500 төгрөг хүрч байсан. Үйлдвэрийн худалдааны сүү 3000 төгрөгөөр худалдаалагддаг. Манай хоршооны хувьд өдөр бүр шинэхэн сүүгээ нэг литрийг нь 2000 төгрөгөөр ард иргэдээ худалдаалдаг.

Увс аймгийн Ховд сум 2011 оны ажлаараа Улсын тэргүүний сумаар шалгарч байжээ. Иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлэх чиглэлээр Увс аймгийн Ховд сум санаачилгатай ажиллаж байна. Тэд сумынхаа иргэдийг ажлыг байраар хангах, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр аймгийнхаа хөдөлмөрийн хэлтэстэй хамтран мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж авдаг байна.

Эх сурвалж: www.pure.mn сэтгүүлч Э.Ариунтунгалаг
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ