ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-05-27   11:48:09   55824   0
  Энсээ хутагтын хойт дүр хэмээх Бошгот хаан
17-р зууны эхний хагасын Монгол орны Улс төр, эдийн засаг, нийгмийн байдал. Энэ үе бол Монголд төдийгүй Төв азийн түүхнээ асар их хувиралт өөрчлөлт бүхий он жилүүд байсан. Өмнө талд Манж Чин гүрэн товойн гарч, Монголчуудыг ээлж дараалан эрхэндээ оруулахыг санаархаж байсан бол, Умарт талд хаант Орос өөрийн эзлэн түрэмгийлэх бодлогоо хэрэгжүүлэн, Монгол газар нутгаас аль үржил шимтэйг нь өөртэй нэгтгэхийг эрмэлзэж байв. Энэ үед Монгол орон- Өвөр Монгол, Төв хэсэг, Ойрд Монгол гэсэн гурав салсан, тэр нь дотроо жижиг ханлигуудад хуваагдсан , тарж бутарсан, нэгдсэн захиргаагүй болсон байжээ. 1634 онд нийт Монголын хаан Цахарын Лигдэн насан хутгийн олж нэгтгэн захирах эзэнгүй болжээ. 1936 онд Өвөр Монголчууд урвагч ноёдынхаа уршгаар Манжид дагаар орсон байна. Төв хэсгийн хаад ноёд эд хөрөнгө, эрх ямба, албат иргэд, газар нутгаа булаацалдан эв түнжингүй болоод байжээ. Энэ байдлыг мэдсэн Манж нар тэдэнд цол хэргэм, шан харамж, цалин пүнлүү олгох зэрэг башир аргаар өөртэй татаж дотоод хэрэгт нь шууд оролцдог болсон байна.
Сэтгэлдээ багтааж чадваас их, бага гэж үгүй
Ойрдууд бас л эв нэгдэлгүй болж, зарим нь Ижил мөрөн лүү халин гарч нөгөө хэсэг нь хөх нуурлуу дүрвэж, үлдсэн нь Енисей мөрөний эхээр нүүдэллэн орсон байжээ. Ийм цаг үед 1935 онд Баатар хун тайж Эрдэнэбаатар Зүүнгарын хаан сууж Монгол үндэстний сарнин бутрах үйл явцыг зогсоогоод Манжийн түрэмгийлэл хирээс хэтэрч байгааг мэдэрч Монгол туургатны хамтын хүчээр Манжийг эсэргүүцэх зорилго тавьж байв. Энэ үүднээс 1640 онд Тарвагатайн Улаанбураа хэмээх газарт Халх-Ойрдын ноёдын их чуулганыг зохион байгуулж чадсан байдаг. Их чуулганаар нийт Монгол үндэстний дагаж мөрдөх “Их цааз” хуулийг баталсан байна. Энэ цаг үед харийн дайсны эсрэг нэгдсэн хүчээр тэмцэх. Тэр их гүрнүүдтэй эн зэрэгцхүйц хүчирхэг армитай болох, түүний тулд дэлхийн жишигт хүрсэн, цэргийн зэр зэвсгийг үйлдвэрлэж, хуяг дуулга, сэлэм, галт зэвсэгтэй болох шаардлагууд тулгарч байлаа. Тэр үед Бурхны шашныг Ойрдад дэлгэрүүлж, түүний нөлөөг улсаа засан бататгахад ашиглахыг хичээж байжээ. Ойрдын рабшашба заяа бандида Намхайжамцаар бичиг үсэг зохиолгож хүн ардаа соён гэгээрүүлэх бодлого явуулж байв. Уг бичиг нь тод бичиг болой. Монгол оронд худам монгол бичиг хэрэглэгдэж байсан ч тод бичиг зохиолгон гэдэг бол өөрийн тусгаар бие даасан байдлаа илэрхийлсэн зорилготой байсныг ч гүйсгэх аргагүй. Тэр үеэс хойших ойрдын түүхэнд холбогдох олон арван ном зохиол тод бичгээр үлдэснийг бид мэднэ. Энэхүү бичиг соёлоо сэргээн хөгжүүлэх асуудлыг бодож үзүүштэй санагддаг.
Шарын шашны хувилгаан, гэгээн хутагтын санваар хүртсэн нь
Гадаад гоо сайхан буяны шалтгаан, дотоод гоо сайхан гэгээрлийн шалтгаан гэдэгсэн.1644 онд Хар хул ноёны хүү Баатар хун тайж Эрдэнэбаатарын гэрт Торгуудын Шүхэр дайчингийн охин Юм-Ага хатнаас нь 6-р хүү эхийн тунамалаас мултарсан нь хожмын Зүүнгарын хаан Галдан байсан ажгуу. Түүнийг багаас нь Түвдийн Энсэ хутагтын хойт дүр хэмээн үздэг байсан гэх. Галдангийн өндөр өвөг нь Эсэн хаан, Шүхэр дайчны эцэг нь алдарт ХО өрлөг юм. Баатар хун тайжийн 12 хөвгүүнээс ой ухаан, цовоо сэргэлэн байдлаараа багаасаа ялгарч байсан нь Галдан байв. Тэр цаг үед Ойрдын айл бүр нэг хүүгээ шашны номд суралцуулах тухай бичигдээгүй хууль үйлчилдэг байв. Эдгээр нөхцөл байдлууд нь Баатар хун тайжийг Галдан хүүгээ Лхасд илгээж ном эрдэм сургах нөхцөл болсон байх нягууртай. Нөгөөтэйгүүр “Хүн эхлээд эхээс төрдөг хоёрдахиа эрдэм номноос төрдөг” хэмээх үгийг санаж Баатар хун тайж Эрдэнэбаатар, хүү Галдандаа Түвдийн 5-р Далай лам Агваан Лувсанжамцын санаачлан бариулж байсан Будал ордонд зориулсан 110 мянган лан мөнгө, Ганжирыг өнгөлөхөд зориулсан их хэмжээний алт өгч 1650 онд Зая бандида Намхайжамцыг дагалдуулан явуулсан байх. Энэ тухай эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ. Үнэгүй бяслаг хавханд л байдаг хойно хүүгээ дахин төрүүлэх гэж буй хүн алт мөнгө баиулан явуулахаас өөр яах бэ. Тэр Ванчин эрдэнэд шавь орж гэцэл сахил хүртэн Балдан бэрээвэн хийдийн Цанидийн дацанд шавьлан сууж, Дорно дахины таван сав ухааны 13 зиндаа номыг судалсан байна. Намдал буюу зөв сэтгэхүй, нарчин хэмээх ёс суртахууны ухаан , ума буюу гүн ухаан, зод хэмээх орчлонгийн мэдлэг, дульбаа хэмээх шашны номыг дэс дараатайгаар 13 жилийн хугацаанд суралцан, 21 насандаа Гавжийн дамжаа барьжээ. Мөн Төвд, Самгард, Сингаль хэлийг судалж, 26 настайдаа Балдан бэрээвэн хийдийн “Арван бэрхтэн” хэмээх их мэргэдтэй ном хаялцан “ Төгсгөлгүй эрдэмт” хэмээх “ Лхарамбын” зэрэг хүртжээ. Ийнхүү Лхасд өнгөрүүлсэн 20 жилийн дотор Түвдийн эрдэнийн гурван их хийдийн хутагт хувилгаадын хүрэхэд бэрх эрдмийн оргилд хүрч Тэргүүн хамбын алтан сэнтийд залрах завшааныг олсон байдаг. Галданг эрдэм номд ийнхүү шамдан суралцахад Түвдийн их мэргэд, Ойрдын Нааш тойн, Майдар хутагтаас гадна Халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар нар голлон нөлөөлсөн гэх. Өндөр гэгээн Занабазар Галдангаас 10 насаар ах байсанч хоёулаа 5-р далай ламын шавь байж нэгэн үед Лхасд хамт шавьлан сууж байжээ. Занабазарын өндөр боловсрол, эрдэм ухаан, соён гэгээрүүлэх үзэл санаа, урлан бүтээх асар их чадвар нь түүнийг хурцалж өгсөн нь лавтай. Энэ хоёр их хүн хоорондоо найрсаг харилцаатай байсан тухай судлаачид тэмдэглэсэн байдаг. Бурханы шашны хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг дэлгэрүүлэх замаар Монголчуудын эв нэгдлийг бататгах, Манжийн эсрэг хүч хамтран тэмцэх санааг агуулж байсан тухай ч тэмдэглэжээ. Галдан хутагт Ойрд нутагт Өлмий бататгах хийд, Ил голын хойт эрэг дээр Гулз, урд эрэг дээр Хайнагийн сүм зэрэг гурван том хийд байгуулж бурхны шашин дэлгэрэн хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэн ,бататган хөгжүүлж чадсан байна. Тэр гурван хийдийн нэг нь шашны сургалт явуулдаг, нөгөө хоёр нь сүсэгтэн олны буян номын үйлийг эрхлэн гүйцэтгэж байжээ. Энэ үеэс Галдан дөрвөн ойрд даяаар” Гэгээн хутагт ”хэмээн алдаршжээ.
Түүний эцэг Баатар хун тайж Эрдэнэбаатар 1653 онд таалал төгсөж, эх нэгт ах Сэнгэ эцгийн гэрээс ёсоор хаан ширээг залгамжилжээ. Гэвч бусад ах дүү нарын эсэргүүцэл гарч түүний эсрэг бүлэглэл бий болсон байна. Түүний дээр Баатар хун тайжийн явуулж байсан энхийг эрхэмлэх бодлогыг тууштай үргэлжлүүлж чадаагүй тухай судлаачид тэмдэглэжээ. Тухайлбал Халхын Алтан хаантай дайтаж, Хоёрдмол иргэдийн асуудлаас болж Оросын хил залгаа мужуудтай харилцаагаа хурцатгасан байна. Эдгээр шалтгаануудын улмаас Эцэг нэгтэй эх ондойтой ах Цэцэн тайж, Зодов баатар нар хуйвалдан 1670 онд Сэнгийг өргөөнд нь хорлон хөнөөжээ. Эл явдлыг ойрдын ноёдын чуулганаар хэлэлцээд Түүнийг удирдаж зохион байгуулсан Цэцэн тайшийг хуулийн дээд хэмжээ үзүүлж, Галдан хутагтыг Лхас хотоос ирүүлж түүний үйл хэргийг үргэлжлүүлэхээр тогтсон байна. Энэ нь нэгд Галдан бол эцгийн болон ахынхаа өв хөрөнгө, хэргэм зэргийг уламжлах хууль ёсны эрхтэй хүн учраас, хоёрт Галдан хутагтын эрдэм чадал , оюун ухааныг ашиглах, гуравдугаарт гадаад дотоодод өндөр нэр хүндтэй санваартан тул ард иргэдийг өөртэй татаж чадах, Дөрөвдүгээрт Бурхан шашны төв Түвдээс өндөр дэмжлэг хүлээх боломж байгааг Тавдугаарт Сэнгийн хөвгүүд дэндүү бага балчир тул шууд хаан ширээг залгамжлах боломжгүй байгаа зэрэг шалтгаантай байжээ.Энэ шийдвэрийг яаралтай элч довтолгон Галданд мэдэгдэхэд эхэн үедээ ширүүхэн эсэргүүцэж байсан аж.

Шарыг тайлж, хаан ширээнд заларч байр сууриа бэхжүүлсэн нь


Сайн сайхан бүхэнд анхаарал төвлөрвөл, сайхан бүхэн аяндаа нэгддэг гэдэгсэн. Галдангийн эх Юм-Агас хатан Сэнгийн хойтохын засал хийлгэх нэрээр Лхаст очиж хүүтэйгээ уулзан ярилцсан нь ямар нэгэн ойлголт , үнэмшил төрүүлсэн нь мэдээж юм. Судлаачдын үзэснээр зарим нь эх нь ятгаж авч ирсэн, нөгөө хэсэг нь ахынхаа өшөө авахаар хаан болсон, гуравдахь нь Далай лам, Ванчин эрдэнэ нар энэ хэрэгт оролцож Манж Чин улсын Түвдийг эрхшээлдээ оруулах санаархал идэвхижиж байсан тул найдвартай улс төрийн холбоотонтой байх үүднээс дэмжиж зөвшөөрсөн, дөрөв дэхь нь Очирт цэцэн ханы Галдамаа баатарын охин Анутай сэтгэлийн холбоотой байснаас нөлөөлсөн гэх мэтээр тайлбарласан байх юм. Дээрх учир шалтгаанууд нь ямар нэг хэмжээний нөлөө үзүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй боловч ямарч бол ”Холын зорилгогүй аваас ойрын зовлонд учирна” гэдгийг сайтар ойлгосон Галдан Дорно дахины гүн ухааныг гүнзгий судалж, эрдэм боловсролын өндөр оргилд хүрсэн хүний хувьд эрэгцүүлэн тунгааж үзээд бутран сарниж бууран доройтож байгаа эх орноо сэргээн мандуулах, Зүүнгарын төрийг бэхжүүлж, Монгол орныг нэгтгэн нягтруулах замаар Манжийн түрэмгийллийн эсрэг зогсох гэсэн чин хүсэл, хатан зориг байсан гэвэл үнэнд арай илүү ойр байх болов уу Түүнийг шарыг тайлахыг 5-р Далай лам Зөвшөөрснөөр Сахил санваараа анх хүртсэн Ванчин- Эрдэнэд эргүүлэн өгч нутгийнхаа зүгт хөлгийн жолоо залсан аж. Тэр арван нэгдүгээр жарны төмөр гахай жил Зүүнгарын хаан ширээнд суусан байна. Мөн энэ онд тэр Ойрдын Очирт цэцэн хааны хүү Галдамаа баатарын умбал охин Ануг хатан болгон авчээ. Галдан хаан суусныхаа дараа улс орныхаа дотор хааны эрх засгийг бэхжүүлэх, засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийх, хамжлагат ёсыг бэхжүүлэх талаар хууль цаазыг боловсронгуй болгоход анхаарч олон ажил хийж тухайн үедээ үр дүнд хүрсэн байна. Дөрвөн ойрдын их хаан Галдан бошигт бол Чийрэг,тэгш сайхан биетэй, өтгөн хар хөмсөгтэй, гал цогтой хар нүдтэй, бүргэдийнх шиг хурц харцтай, ширвээ хар сахалтай, харилтгүй чин зориг царианд нь тодорсон, цог зол нь бадарсан жинхэнэ баатар мэргэн эрийн шинж бүрэн бүрдсэн, ном их үзэж, аливаа зүйлийг бясалган тунгаах чадвар эзэмшсэн гүн ухааны шинж, сэтгэл сайтай хүний төлөв аль аль нь тодрон илэрсэн хэн хүний сэтгэлийг татахаар сайхан эр байсан тухай их эрдэмтэн Б.Ренчин гухай бичсэн байдаг. Ану хатан Галдан Ойрдын их бичгийн хүн Зая бандидаа Намхайжамцаар Анутай хамт бичиг үсэг заалгаж аль хар багаасаа ижилдэн дасаж дотноссон байсан тухай ч дүрсэлсэн билээ. Зарим судлаачид Ануг Галдангийн ах Сэнгийн хатан байгаад Галдан хааны хатан болсон гэж бичсэн нь буй. Галдан хаан Ануг хатан болгох үедээ 27 настай байсан гэвэл хамт бичиг үсэгт суралцаж байсан гүнж тэр хугацаанд хүлээж байсан гэх үндэслэл багатай байж болох юм. Ану бол бие жижигтэй ч зориг төгөлдөр, сэргэлэн цовоо, аливаад хэрсүү, гадна байдал нь хүрэн бор цариатай, урт хар үстэй, гуайлиг сайхан биетэй үзэсгэлэн төгс эмэгтэй байсан гэх. Энэ чанараараа хар багаасаа эрдэм номтой, зэвсгийн эрдэмд сайн суралцсан, эрэмгий охин байсан ба нэгэн насны хувь заяагаа холбосон хань ижилдээ хязгааргүй үнэнч, эх орныхаа төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэгч болон төлөвшсөн болох нь түүний түүхэн үйлдлүүдээс тодорхой харагдаж байна. Дотоод мэдрэмжийн буяны шалтгаан, гадаад гоо сайхны үзэмжийн шалтгаан нэгэн зэрэг цогцолсон энэ хоёр хүн ийнхүү бие биенээ олж ханьсах болсон нь санамсаргүй тохиолдол биш тэнгэрээс харж зохицуулсан хувь тавилан байсан бүз ээ.
Зүүнгарын эзэнт гүрнийг байгуулж, засаг захиргааг шинэчлэн зохион байгуулсан нь
Амжилт гэдэг бол хүссэнээ сэтгэлээсээ хийхээс үүдэлтэй. Энэ хууль Галданыг ч тойрохгүй нь лавтай. Галдан 1676 онд бүх ойрдыг нэгтгэн өөрийн захиргаанд оруулж Зүүнгарын эзэнт улсыг байгуулсан . Энэхүү Зүүнгарын эзэнт улс 1755 он хүртэл 80 шахам жил оршин тогтносон билээ. Ойрд –Монголын цааз бичиг, “ Их цааз” хуулинд хоёр удаа өөрчлөлт оруулснаар хууль тогтоогч хаан гэж алдаршжээ. Эхнийх нь 1670 –аад оны эхээр дотоод засаг төр, хулгайч, өр авлага, завхарсан малын тухай байсан аж. Дараагийнх нь хүмүүсийн хоорондын заргыг шийдвэрлэхэд зориулагджээ. Энэ цааз бичиг анх худам Монгол бичгээр гарсан боловч, бидэнд тод бичгээр уламжлагджээ. Энэ бичгийг гадаадын эрдэмтэд ихээхэн ач холбогдол өгч,1778 оноос Герман, Орос, Англи, Япон хэлээр орчуулсан байна. Манай эрдэмтэн Т.Алтангэрэл,Р.Эрдэнэцогт нар кирил үсэгт буулган хэвлүүлжээ. Их цааз-д дотоод засаг төр, гадаад дайсан, улаа ба элчийн тухай, шашин шүтлэг, онц эрх, зан суртахуун, хүний амь, хулгай, гэмт хэрэгтний тухай, асарсан хүүхэд, асрамж, худ ураг, мал өмч хөрөнгө, гээд нийгмийн хүрээний бүхийл асуудлын зэрэгцээ, шарын шашныг Монголын албан ёсны шашин хэмээн баталгаажуулсан байна. Энэ хуулиар тогтоосон засаг захиргааны зохион байгуулалтын дагуу албат иргэдийг хааны “отог”, тайж нарын “анги”, хутагт хувилгаадын “жас” хэмээх гурван эзэмшилд хуваасан нь тухайн үедээ шинэлэг зүйл байжээ. Мөн татварын асуудлыг шинэчлэн тогтоожээ. Зүүнгарын засаг захиргааг 3-6 өрхтэй хот айл, 2-3 хот айлыг нэгтгэж арван, 2-4 арван нийлж хорин, 2-оос дээш хорин нийлж дөчин, хэдэн дөчин нийлж отог болохоор тогтоожээ. Арванг Ахлагч, Хоринг шийлэнг, дөчинг дэмч, отогийг их ноёд тус тус ахладаг болгосон байна. Эдгээр асуудлууд нь Зүүнгарын хаант улс эмх цэгцтэй нэгдсэн зохион байгуулалттай болоход үлэмж үүрэг гүйцэтгэжээ. Галдан хаан төрийн 3 тамгагатай байсан тухай тэмдэглэл байдаг. Үүний нэг нь аль 400 гаад жилийн тэртээ хэрэглэж байсан дөрвөлжин үсэгтэй тамга байжээ. Харин нөгөө хоёрын нэг нь худам бичигтэй, үлдсэн нь тод бичигтэй байсан болов уу гэсэн судлаачдын таамаг бий. 400 –аад жилийн түүхтэй тамга уламжлагдан хэрэглэгдэж байснаас үзэхэд Зүүнгрын төр засаг үе улиран уламжлагдан байсны баталгаа буй заа.

Гадаад бодлого, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн нь


Галдан, хаан ширээнд суусныхаа дараа олон шинэлэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байсны нэг гол хэсэг нь түүний гадаад харилцаа , гадаад бодлогын асуудал байжээ. 1673 оны хоёр сард өөрийн элчийг Бээжинд очуулж байсан ба 10-р сард Оросын хаанд анхны элч Сэнжик, Гэцэл нарыг бараалхуулахаар мордуулж байсан байна. 1678 оноос Дорнод Туркменстанийг эзлэн авч алба гувчуур авах болжээ. 1679 оны 7-р сад Галдан хааны бие төлөөлөгч Себедходжа , Шар мэргэн тэргүүтэй элч нар Москвад хүрэлцэн очиж Баатар Цагаан хаантай уулзаж байжээ. 1679 онд Далай багшаас Галданд “ Тэнгэрийн зарлигийг биелүүлэгч” гэсэн утга бүхий “Бошгот” цол олгожээ. 1679-1680 онд Кашгер, Яркендийг эзлэн авчээ. Улмаар 1685 онд Зүүнгарын цэргийн жанжин Равдангаар удирдуулсан цэрэг Сайрам хот, Казакийн хагасыг эзлэн авснаар нийт 1200 хотыг эрхшээлдээ оруулсан байна. Тэднээс нэг тэнгээгийн татвар авч байв. 1682 онд Манжийн хаан Энх-Амгалан Зүүнгарын улсад элчээ илгээж Галдангийн хаан цолыг хүлээн зөвшөөрч бэлэг хүргүүлэн ирж байжээ. Галдан хаан 1983 онд хариу бэлэг 400 агт,60 ат, 300 булга, 500 цагаан үен , 3 шилүүс, 100 хярс, 20 үнэг, амьд тос 1, өөлд буу 4 ш-ийг явуулж байв. Энэ цаг үеэс эхлэн Ойрд Манжийн худалдааны харилцаа 1684 он хүртэл эрчимтэй хөгжиж, 1688 он хүртэл үргэлжилжээ. 1686 он гэхэд Төв Азид Галдан шиг хүчирхэг хүн байхгүй байв. Галдангийн эх Юм-Ага хатан 1687 онд насан хутгийг олсон байна. Манж нар бэлэг сэлт хүргүүлж ая тал засаж байсан нь Зүүгарыг Төв Монголын нэгэн адилаар өөрийн арганд оруулах бодлого ч байсан юм уу гэсэн бодол дараа дараагийн үйл явдлуудаас улбаалан өөрийн эрхгүй төрж байна. Энэ бусармаг байдлыг Галдан хаанч бас ухаарч ажиллаж байсан нь харагддаг.

Эдийн засаг нийгэм соёлын шинэтгэлийн алхам


Зүүнгарын эзэнт гүрнийг байгуулж төрийн эрхийг авч хаан ширээнд сууснаар Эдийн засаг, нийгэм, соёлд өөрийн мэдэх бүхнийг хийх боломж бүрдсэн нь ойлгомжтой. Ямарч хүн өөрийнхээ мэдэх чадах зүйлийг л хийдэг нь үнэн юм. Хэний хэн ч байсан мэдэхгүй чадахгүй зүйлээ хийж хэрэгжүүлнэ гэж байхгүй . Тийм болохоор орчин цагийн менежментийн ухаан хүний хөгжлийг тэргүүн эгнээнд тавьдаг ажгуу. Галдан хаан юуны өмнө төрийн эрх үүргийг өргөж феодалын гадаад дотоодтай бие даан харьцаж хувийн эрх ашгаа урьтал болгодог нэгдмэл бус байдлыг хязгаарласан байдаг. Хувь хишиг төгөлдөр хэмээх Галдан хаан Эдийн засгаа өөд нь татаж улс орныхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарсан байна. Тэр мал аж ахуй, газар тариалан, гар урлалыг хөгжүүлж, олон улстай худалдаа хийх явдлыг хөхүүлэн дэмжих замаар эдийн засгаа сайжруулах зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлэхээр тодорхой ажлууд хийжээ.Тэр эцгийнхээ үеэс уламжлан ирсэн өр ширийг цэгцэлж заримыг нь хүчингүй болгожээ. Ингэснээр ард иргэдийнхээ үйлдвэрлэлээ эрхлэн явуулах, нэмэгдүүлэх сонирхлыг бий богож чаджээ. Тэр үед Орос хятадыг холбосон торгоны замыг хяналтандаа байлгаж байсан болохоор худалдааны маш таатай орчин бүрдсэн байжээ. Хүн амынхаа хүнсний хангамжийг гадаад орноос хараат бус болгохын тулд газар тариаланг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байв. Газар тариаландаа Дундат Азиас олзолж ирсэн хүмүүсийг ашиглаж тариалах талбай, нэгжээс авах ургацаа ч нэмэгдүүлж чаджээ. Зүүнгарт усалгаатай тариаланг нэвтрүүлсэн нь Монгол орны газар тариалангийн хөгжилд төдийгүй дэлхийн газар тариаланд ч шинэ зүйлүүдийг бий болгожээ хэмээн үзэх үндэстэй. Тухайлбал Ховд, Хулж, Улаангом орчим, Тариалан суманд усалгаатай тариа тариулж байсан ул мөр нь одооч Бошигтын тариг, Бошигтын бух нэрээрээ нэрлэгсээр байна. Хотонгууд . Түрэг угсааны нэгэн томоохон салбар аж. 1671 онд Галдан бошигт Зүүнгарын хаант улсыг байгуулаад дотоод улс төрийн байдлыг төвхнүүлсний дараа Дунд Азийн хотонгуудыг байлдан дагуулж эрхшээлдээ авчээ.Тэд энэ цагаас Зүүнгард Газар тариалан, гар урлалын бүтээгдэхүүнээр алба гувчуур төлдөг болсон гэх. Мөн тэндээс олон тооны хүмүүсийг ирүүлж Ил гол болон бусад газруудад тариа ногооны ажил эрхлүүлж байжээ. Хотонгууд гол төлөв Мухамед шашин шүтдэг нохой гахайн мах үл иднэ хэмээн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэнэ үлджээ. Галдан хааны зарлигаар Хотон нарт иргэний тэгш эрх олгож Ойрдуудтай гэр бүл болохыг зөвшөөрсөн байна. Галдан туслагч “эрднийн эрх” номондоо Хотонгуудыг дотор нь Турманы, Хашгаарын, Жиргээний, Хамийн, Турфаны хэмээн ангилдаг гэжээ. 1690 онд Галдан бошигт Улаан будангийн тулалдааныхаа дараа Ховд, Улаангомын газар нэгэн түмэн Хотон , Хасаг, Урианхай нараар газар тариалан эрхлүүлж цэргийн хүнс бэлтгүүлэн Манжийн эсрэг дайнд бэлтгэж байжээ. Галдан хааны газар тариаланд бий болгосон дэвшилттэй бүхнийг хэрэгжүүлэн өнөөгийн бидэнд авч ирсэн жинхэн эзэд нь Хотонгууд яахын аргагүй мөн. Хотон ястнууд шиг ажилсаг, ямарч ажлаас бэрхшээдэггүй тийм хүмүүсийг олох гэдэг амаргүй. Тэднээс сурах зүйл их бий. Тийм хүмүүсийг таньж олж ирж суурьшуулсан их хааны хүмүүсийг таних, хүний нөөцийн менежментийн чадварыг нарийсган судлууштай.
Газар газрын урчуул, алт, мөнгөний дархчуул, чулуун сийлбэрчид, Монгол болон Бухар худалдаачид зэрэг янз бүрийн давхаргын хүмүүсийг цуглуулсан нь тухайн үеийн соёлын түүхэнд ул мөр нь үлдсэн байна. Гар урлалын дотор цэргийн зэр зэвсгийн үйлдвэрлэл илүү сайн хөгжсөн аж. Тухайн үеийн улс төрийн байдлаас хамаарч Улс орныхаа тусгаар тогтнолыг хамгаалахын тулд цэргийн зэр зэвсэг, хувцас хэрэглэл, хуяг, дуулгыг үйлдвэрлэж байх тухай Ойрдын их цаазад ч тусгалаа олжээ. Дорнот Туркстанийг эзлэн аваад шатдаг хүхэр, догшин шүү зэрэг түүхий эдийг тэндээс авч байсан баримт бий . Түүний зэрэгцээ товар мөнгөний солилцоо хөгжүүлэх үүднээс зоос цутгуулж байсан нь Зүүнгарын түүхэнд анхных байсан төдийгүй 1785 онд АНУ-ын Конгересс $ -ийг мөнгөний нэгж болгон баталхаас өмнө болсон үйл явдал юм. Уг зоос нь 3 см орчим диаметртэй 0,5 мм-ийн зузаантай зэс байсан гэж түүхэнд тэмдэглэгжээ. Галдан шашны том хутагт болсон үедээ Зүүнгарт ирж сүсэгтэн олны номын багш болж, олон хүнд сахил санваар хүртээж, шашны ном зохиол олныг орчуулсан нь утга зохиолын хэл бүрэлдэн тогтох, нийт сүсэгтэн олны оюун санааг соён гэгээрүүлэхэд чухал нөлөөтэй байжээ. Тэр үед шашин олон түмний оюун санаа, ёс суртахуун, зан заншил зэрэг олон зүйлд дэвшил гаргажээ. Шашнийг эртний соёлт Энэтхэг, Түвдээс авсан нь тухайн ард түмний соёлын өв, Монгол оронд нөлөөлөхөд томоохон түлхэц болжээ. Энэ бүхэн нь 17-р зууны Зүүгарын хаант улсад хийгдсэн томоохон шинэтгэл төдийгүй одоогийн Монгол орны эрх баригчид дайнаас бусдаас нь үлгэр авмаар санал санаачлагууд хэрэгжиж байсан аж. Энэ бүхэнд Галдан хаан өөрийн биеэр үлгэрлэн оролцсон нь онцлог юм.

Манж Чин улсын эсрэг тэмцэх шаардлага


Дайсангүй байна гэдэг өчүүхэний шинж гэдэгсэн. Өчүүхэн байгаагүйнх нь баталгаа бол тэр үед хүчирхэг байсан Манж Чин улстай дайсагналцаж байсан явдал бүз. Хэн хүчтэй нь амьд үлддэг хууль зөвхөн тал нутагт төдийгүй Улс хоорондын харилцаанд ч үйлчилдэг байсан цаг үе болохоор хэн нэгний эрхшээлд орохгүйн тулд өөрөө хүчтэй байх шаардлага хүссэн хүсээгүй тулгарсан бүз. 1688 оноос Манжийн эсрэг нэгдсэн хүчээр тэмцэхийн тулд Халхтай ярилцаж тохирохгүй байсан болохоор довтлон нэгтгэхээр шийдсэн байна. Ийнхүү довтолж Халхын түшээт хаан Чухандоржийн цэргийг бут цохиход Түшээт хаан Чухандорж, түүний дүү Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй ноёд Манжид эзлэгдээд байсан Өвөр Монголын нутагт зугатан оржээ. 1690 онд Өвөр Монголын Улаанбудангийн газар Галдан хааны цэрэг Манжийн цэрэгтэй хүч тэнцвэргүй тулаан хийж ухран Халхын нутагт иржээ. Галдан хаан өөрөө цэрэгтэйгээ Ховдын газарт шилжин түр суурьшсан байна. 1691-1695 онд Манж чин улстай дахин байлдах цэрэг, эдийн засгийн бэлтгэлийг маш эрчимтэй хийжээ. Тэр Түвд, Дундат Ази, Хөх нуур зэргээс тусламж дэмжлэг авч байв. Нутагтаа үлдсэн Халхын ноёдыг зарлан хуралдуулж, тус бүрт нь тус тусын албат иргэдээ захиран амгалан тайван суутугай гэсэн тамгатай бичгийг шийтгэн олгожээ. Мөн Өвөр Монголын ноёдод захидал илгээж, Манжийн эсрэг хамтран тэмцэхийг уриалж, өөрийн туршуулуудыг дотор газар олноор илгээжээ. Гэрэл байсан газар сүүдэр байдаг нь хууль юм болохоор, Өвөр Монголын Зарим ноёд сэтгэл ээдүүлэн итгэл хөсөрдүүлэн урваж, уг бичгийг Манжийн Энх-Амгалан хаанд авч ирж өгснөөр Ойрдын туршуул гэж олон хүнийг баривчлан цаазалжээ. Ялгуулсан хутагт энэ хэрэгт сэжиглэгдсэн боловч Ойрд уруу зугатаж амжсан байна. Үүний эсрэг Манжууд Галданд элч зарж мөнгө сэлт илгээх, Зэрэг цол нэмэхээр амлах, Цэвээнравданг Галдангийн эсрэг ятгах, Түвдэд Галданд нөлөөлөхийг шаардах, Хөх нуурын ноёдийг өөртэй татах, Хами, Кашгартай харилцах замыг хаах , Ойрдын цэргийн жанжин Данжилаа, Данзан –Омбо , Дугарравдан нарыг ятган Галдангаас салгах явуулга хийж өөрийн тагнуул туршуулыг Ойрдод олноор илгээх болов. Галдангийн эсрэг Манжийн 3 замын их цэрэгийг хөдөлгөж, гурав дахь удаагаа дайтахыг Энх Амгалан хаан зарлигджээ. Хөх хотоос хөдлөх цэргийг ерөнхийлэн захирагчаар Фиянгуг томилж, “Хол дахины их амаршуулагч жанжин “цол олгож Баруун замын цэргийг хариуцуулав. Түүний цэрэг 3 түм 4 мянга орчим, 220 их буу, 80 хоногийн хоол хүнс тээвэрлэх 1500 тэрэг олгожээ. Баруун замд 60 өртөөг Барс хаалганаас Туул гол хүртэл байгуулжээ. Бээжингээс мордох 3 түм 2 мянга гаруй цэргийг ЭнхАмгалан хаан өөрийн биеэр удирдаж Түүний 4 хүү , Хувийн ба төрийн сайд, хошууны захирах, өртөө улаа эрхлэх сайдууд дайнд хамт морджээ. Дунд замын цэргийн хүнс тээвэрлэх 5000 тэргийг шинээр хийлгэжээ. Бээжингээс умар тийш 64 өртэй байгуулсан байна. Зүүн замын түм илүү цэргийг жанжин Шабусуд захируулж хөдөлгөжээ. Цэргүүдээ сум үл нэвтрэх мяндас тавьсан тойв дээлээр хангажээ. Манжийн цэрэг нэг сарын дотор Монголд очих даалгавартай байсан ч нэг сар орчим хугацаа хоцорч иржээ. Манжийн Баруун замын цэрэг Туул голд нэгэнт ирж түүний замыг хаасныг мэдсэн Галдан хаан Ухран тэрэлжийн голд ирсэн байна. Энх-Амгалан Монголын нутагт орж ирээд нэгэн бичиг илгээжээ. Уг бичигт” Чиний муу ял Дэлхий дахинд хэрхэвч багтах боломжгүй тул тэнгэрийн хөвүүн би биеэр их цэргийг авч дайлаар ирэв. Чи түмэн буруу мянган ялыг гэмшин хүлээж, гарыг хүлэн, үсийг унаган, хөлөө нүцгэлэн мөлхөн ирж гуйваас өчүүхэн нохойн амийг уучлах нь тэнгэрийн хишиг болой. Хэрэв зөрчвөөставан эрүүгийн цаазаар аваачин түмэн олны ялыг хүтээмой. Дайлах цэрэг жанжин дөчин түм” гэжээ. Галдан хариуд нь “Чи нэгэнт надыг бүслэхээр ирсэн тул уулзах явдалгүй нь илэрхий. Харин намайг мөрдөх аваас би эсэргүүцэх чадвартай” гэжээ. Галдан хаан мартагдахуйн тоосонд дарагдан байсан Монголчуудын байлдааны арга ухааныг шинэтгэн хөгжүүлж, Очирт цэцэн хааны цэрэгтэй байлдахад байлдааны бух сэжүүрийн аргыг хэрэглэж байсан бол Дундат азийн улсуудыг довтлохдоо нохой хэрлийн арга, цүүцлэн сөнөөх аргуудыг нөхцөл байдалд тохируулан хэрэглэж байсан байдаг. Ойрд Манжийн цэргийн шийдвэрлэх тулалдаан Тэрэлжийн Зуун мод хэмээх газарт болжээ. Гэтэл Фиянгу Чингисийн морин цэргийн довтолгооны арга тактикийг хэрэглэж , Галдангийн цэргийн байрлал уруу дайруулан хэсэг тулалдаж байгаад гэнэт ухруулан зугатаалгаж өөрийн цэргийн хүрээний бүслэлтэнд дагуулан оруулсан байдаг. Манж цэрэг газрын бартааг эзлэн бэхэлсэн тул уулын өндрөөс үхэр буу тавьж бүсэлсэн байна. Энэхүү бүслэлтэнд Галдан хаан түүний цэрэг жанжид бүгд оржээ. Манжууд харуй бүрий болоход цэргээ цуглуулан бүслэлтээ гурван давхар болгожээ. Үүний дараа Фиянгу зарлиг гаргаж Галданг олж барьсан хүнд Вангийн хэргэм өргөмжилж, түүний нэг лан маханд нэг лан мөнгө, нэг лан ясанд нэг лан алт шагнасугай хэмээсэнд олзонд дуртай, урвасан Монгол ноёд, цэрэг удирдаж давхар бүсэлж хүчлэн хаажээ. Гэвч аюул байгаа газарт аврал хамт байдаг болохоор Галдангийн цэргийн ноёд цугларан бүслэлтээс хэрхэн гарах тухай хэлэлцэж байхад Ану хатан санал гаргаж Галдан хаанд айлтгахдаа : Та тэнгэр язгуурт , төрийн тэргүүн, цэргийн жанжин хүн тул амь үрэгдэж болохгүй, бүслэлтээс гарч, цэргээ захиран улсаа засч, дайснаас өшөөгөө авах учиртай. Иймд би Сод ангийн морин цэргийн дайралттай хамт дайран оръё гэжээ. Уг саналыг хэлэлцсээр үүр цайхад Сод ангийг Ану удирдан Манжийн бүслэлтийг баруун жигүүрээр нь тас цохисоор ойрдын цэргүүд дайран гарсан ч ардыг амаржаах ахуй төрийн их үйл хэргийн төлөө алд биеийн амьдралаа үл огоорсон Ану хатан түүхэнд мөнхөрсөн. Энэ тулаанд Ойрдын 2 түм Манжийн 4 түмэн цэрэг оролцсон гэсэн тэмдэглэл нь ортой бололтой. Манжийн бүслэлтийг сэтлэн гарахад хүнд шархадсан Ану хатан замын аяныг даалгүй нойрсжээ. Түүнийг нутаглуулсан газар нь одоогийн Архангайн Хотонт сумын нутаг Хатант уул мөн гэсэн таамаг байдаг. Зуун модны тулаанд Баатар зайсан, Болод хожуу зэрэг цэргийн жанжингууд ч бас амь үрэгджээ. Холын аянд туйлдсан Манжийн цэрэг Ойрдын морин цэргийг нэхэж Орхон гол хүргээд алдсан гэдэг. Тэр үед Орхон гол маш их үертэй байсан тул Ойрдын цэрэг маш их хохирол амсаж 30000 цэргийн хагас нь голд живж, байж гол гарсан ба арын цэргүүд ачаа бараа, мал хүнс хоол хариуцсан хүмүүс нь Орхоны зүүн хөвөөнд үлдсэн нь одоогийн Архангайн Хотонт, Өлзийт, болон Өвөрхангайн зарим өөлдүүд гэж үздэг. Ийнхүү Ойрдын цэрэгт ихээхэн хохирол учруулсан , Орхон голд Манжийн хаан “Түшээ гүн” цол олгож, голын эхэнд жил бүр 100 лан мөнгө хийж тахидаг уламжлал тогтоожээ. Гол гарч амжаагүй Ойрдын цэргийн олон тооны мал сүрэг ард иргэдийг олзлон авч Цэрэнжав тайжаар захируулан Ганга нуурын орчим нутаг заан суулгасан гэх. Энэ нь манжийн хааны Төмөр сүргийн эх болжээ. Ойрдын цэргийн ялагдсан шалтгааныг Түүхч Д.Гонгор Манжийн цэргийн хуурах арганд орж бүслэлтэнд орсон, Өвөр Монголын түүхч Намсрай Манж нар урьдчилан ашигтай байрлалыг эзэлснээс, Оросын эрдэмтэн Е.Качанов Манжийн цэрэг- техникийн давуу байдлаас гэх мэтээр тайлбарласан байдаг. Эдгээр нь ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн боловч ”Мэргэн боловч алддаг мэлхий боловч шаварддаг” болохоор судлаачдын материалаас үзэхэд 1-рт Манжийн цэргийг урьдаас мэдэж тус тусд нь тосон байлдах арга боловсруулж чадаагүй 2-рт Манжийн цэрэг техник цэргийн тооны хувьд 2-3 дахин давуу байсан 3-рт энэ том тулалдааны өмнө Орос,Түвд улсаас тусламж авч чадаагүй, бас өөрийн харьяанд байсан Халх-Монгол, Хөх нуур, Дундат Азийн ноёдын хүчийг нэгтгэн ашиглаж чадаагүй зэрэгтэй холбоотой байсан байх магадлалтай юм . Манжийн хаан Галданг ухраасан ялалтаа Хятадын түүхэнд байгаагүй их гавъяа... хэмээгээд үнэхээр Хан, Шан, Сүн улсын дагуулаагүй их хүчийг дагуулав. Их гавъяа байгуулав хэмээн бичиж байжээ. Ойрдууд ялагдсан ч гэсэн Галданг устган, Монголыг бүхэлд нь эрхшээлдээ оруулах гэсэн төлөвлөгөө нь биелээгүй байна. Их үер, ширүүн сахинд мөчрөө хугачуулсан ч ялж гараад навчаа дэлгэн ургаж буй бүдүүн улиас адил зорилгынхаа төлөө тэмцэлдсээр үлджээ. Энэ үед түүний ар хударгаар Зүүнгарт Сэнгийн хүү Цэвээнравдан төрийн эргэлт хийж хаан суусан ба Түүнийг Манж, Оросууд дэмжиж Галданг хүчгүйлэх хувалдаан явагдсан байна.

Тэмцэлдээ үнэнчээр үлдсэн


Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх тэмцэлдээ үнэнчээр үлдэж үйл ажиллагаагаа эцсийн амьсгал хүртлээ үргэлжлүүлэн тэмцсэн Ойрдын их хаан Галдан бошигт Хүмүүний төрлийг олж төрсний хувьд бас л эхлэл төгсгөлийн хооронд амьдарч мөнхөрсөн юм. Ойрдууд тэрэлжийн зуун модны дайнд ялагдсан боловч Монголчууд манжид эзлэгдэх үйл явцийг даруй 60 жилээр хойшлуулж Монгол үндэсний эрх чөлөөний тэмцлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ. 1696- 1697 онд Галдан бошигт хаан Хангайн нуруунаас Говь алтайн нуруунд шилжин суурьшиж тэмцлээ дахин үргэлжлүүлэхийн тулд өөрийн чадах бүхийл арга хэмжээг авч байжээ. 1697 онд Хамигаас тусламж хүсэхээр өөрийн хүү Сэвдэнбалжирийг элч болгон зарсан боловч Урьд нь Зүүнгарын хаант улсын хараанд байсан Хамигийн Абдул хаан беки түүнийг тосон баривчилж Бээжинд хүргүүлж, цаазлагджээ.. 1697 оны эхээр Галдан хаан Шаргын говь, Чацран, Сагсдүүрэнгээс Ац амтай зэрэг газарт нутаг сэлэгэн нүүж сууж байсан байна. Эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, эх орон газар шороондоо хязгааргүй хайртай Галдан бошигт хаан Одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Ац амтай хэмээх гэзарт “Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах бий . Хамаг Монгол түмэн минь хагаралдан бутарч зовох бий. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн гэрээслээд 53 насандаа бусдын гарт оролгүй таалал төгсжээ. Ийнхүү ”Энэ бие хэврэгч Эрхэм нэр мөнх” гэдгийн чинхүү утгыг илэрхийлэн үеийн үед дурсагдах Зүүнгарын их хаан мөнхрөв.

Галдан хааны тэг элдэншүүлгээр хөрсний элэгдлээ бууруулж, байгаль цаг ууртайгаа зохицое


Тариаг эхлээд тархиндаа тарьдаг дараа нь талбайд ургуулдаг гэдэг. Галдан хаан газар тариаланг хэрхэн хөгжүүлэхээ тодорхой тооцож хэрхэхээ нарийн тунгаасан нь тодорхой байна. Газар тариаландаа Дундат Азиас олзолж ирсэн хүмүүсээ ашиглах болсон нь үр ашгийг дээшлүүлэхэд нөлөөлжээ. “1757 оны орчим Дөрвөд Улаангом орчим тариа таригтун хэмээн эзэн хаанаас зарлиг бууж, Түрүүн тарьсан тариа нь үржин ургахлаараа толгойдоо таван салаатай тариа ургав. Түүнээс хойш дөрвөд бүгдээрээ тариг нэртэй болж, бүгдээрээ баяжин амьдрал нь жигд сайжрав” хэмээн түүхийн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хулж, Ховд, Улаангомын газарт усалгаатай тариа тариулж байсны үлдэц ул мөр уламжлагдан ирсэн нь Галдан бошигт хааны дэлхийн хүн төрлөхтөнд үлдээсэн нэг том соёл технологи болсоор байна. Эртний ном сударт Европт газар тариалан үүсээгүй байхад Монголчууд газар тариалан эрхэлж байсан тухай тэмдэглэгджээ . Энэ тухай Оросын шинжлэх ухааны академич В.Ф.Шубин Монголын газар тариалангийн судалгаа хийсэн анхны экспедицийн судалгааг дүгнэж үзээд “БНМАУ-ын газар тариалан” хэмээх номыг 1940 онд бичиж үлдээсэн билээ. Уг номыг уншиж үзэхэд “Тэглэх боловсруулалт” хэмээх технологийг монголчууд аль дээр үеэс хэрэгжүүлж байжээ гэсэн сэтгэдлийг өөрийн эрхгүй төрүүлнэ. Монголд тэр дотроо баруун монголд газар тариалангийн үйлвэрлэл эртний улбаатай болохыг В.Ф.Шубин номондоо тодорхой тэмдэглэжээ. Баруун Монголчууд эхлээд үрийг хормойлж , хоёр тийш займчуулан цацах замаар тариалдаг . Алгаа тавьсан газар хэчнээн үр оногдож байгаагаар нь үрийн нормоо тогтоож тохируулдаг байсан тухай бичжээ. Үр цацахын өмнө хаврын цас, бороо, үерийн усыг талбай уруугаа шуудуу татан халиаж урсгаад ус нь хөрсөнд шингэж эвэрсэн үед үрээ цацаж, Модон анжисаар 5-6 см хагалаад цацсан үрээ хучиж булдаг байв. Дараа нь дөрвөн шатны усалгаанаас өөр юм хийлгүй байж байгаад намарт нь шууд хураан авдаг байжээ хэмээсэн байна. Тэглэх боловсруулалт бол хөрсийг 2-3 см зүсээд үрээ суулгаж булдаг арга билээ. Галдан хаанаас ялгаатай нь өнөө цагт техникийн хүчээр л хийдэг болсон. В.Ф.Шубин номондоо “Эртний Монголчууд өөрийн 10 гаруй сортын үртэй байсан тэдгээр нь зэрлэг өвснөөс түрүүлж ургах чавартай сортууд байжээ” хэмээн бичжээ. Монголын үндэсний тариа бол халтар арвай үүнийг Баруун монголчууд одоо ч гэсэн тариалж хүнсэндээ хэрэглэсээр байна. В.Ф. Шувин бичихдээ “Монголын үрийг Финланд, Скандновын орнуудаар дамжуулан цааш тархаасан” хэмээн үзжээ. Тэр номонд Хүннү, Сүннүгийн үед Монголчууд гол мөрний усаар тариа усалж байгаагүй хэмээн тэмдэглэснээс үзэхэд усалгаатай тариалалт яалтч үгүй Галдан хааны үеэс цэцэглэн хөгжсөн нь тодорхой юм. Өнөөдөр тэглэх боловсруулалт Монголоос эхтэй гэж хаанахын хэн ч хэлэхгүй байна хэлэх ч үгүй биз. Үүнийг В.Ф.Шубиний ном болон нарийвчилсан судалгаагаар тогтоох л үлдэж байна даа. Хүн амын хүнсний хэрэгцээг хангахад тэр бүр суурин орноос хараат байхгүйн тулд газар тариалангийн асуудалд онцгой анхаарч байснаар Галдангийн үед Зүүнгарын хаант улсад газар тариалан өмнөх үеийнхээс илүү явцтай хөгжжээ. Тухайлбал Хулж, Ховд, Улаангомын газарт усалгаатай тариа тариулж байсаны ор мөр одоо ч гэсэн Бошготын тариг / тариг гэдэг нь дөрвөд аялгуунд тариа тарих газрыг нэрлэнэ/, Бошготын бух /бух гэдэг нь тариагаа услахын тулд гараар ухаж гаргасан шуудуу, сувгийг хэлнэ/ нэрээр уламжлан иржээ.Энэ нь Галдан бошигт хааны дэлхийн хүн төрлөхтөнд үлдээсэн нэг том соёл технологи болсоор байна.
Бошготын тариг нь одоогийн Увс аймгийн төв Улаангом, Тариалан сум хоёрын хооронд байх Тэнүүн, Арсай, Хар толгой, Тээлийн хөндийг хамарсан өргөн уудам газар бөгөөд энэ газрыг усалж тариа тарихын тулд өндөр сүрлэг Хархираа уулын хавцлаар урсан ирэх уулын ширүүн урсгалт голын усыг голдиролоос нь өөр газраар залж, уулын бэл дагуулан суваг гаргаж усыг нь татсан байдаг юм. Энэ нь тэр үедээ Арсай, Нурган, Өшгөлөгийн тариг хүртэл 50 км үргэлжлэх, 1.5 м гүн, 2 м өргөн бух /шуудуу/ бөгөөд дотор талд нь чулуу өрж, зүүж байгуулсан нь бидний үе хүртэл хадгалагдан иржээ. (Увс аймгийн тайлбар толь, 63-р хуудас, Бошготын бух)
Бухаар татаж ирсэн усаа “Алтны унхраг” хэмээн нэрлэдэг асар том газрыг ухаж хийсэн усан санд нөөцөлж, тэндээсээ олон сувгаар тал тал руу татаж тариагаа усалдаг байжээ. Уулын түргэн урсгалт голыг тал руу залахдаа тэр үед физикийн хуулийг чадамгай ашиглаж, жинхэнэ шинжлэх ухааны үндэстэйгээр газрын налуу, хэвгий, тэгш, хотгор гүдгэрийг тааруулан, хүчтэй урсан ирэх усны хүчийг бууруулан, мухирлуулж, тахирлуулан, хэвгий талыг нь өндөр байхаар тааруулан тооцоолж уг сувгийг гаргасан байдаг. Галдан хааны нэрээр нэрлэсэн энэ шуудууг түүхэнд 3 удаа сэргээн зассан. Үүний нэг нь 1956 онд Увс аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга хийж байсан Содномцэрэн гэдэг хүн Улаангом Тариалан сумын иргэдийг уриалан манлайлж, бүх хүмүүсийг ачиж Улаангомоос 22 км –т байх Галдан бошготын бухын эхэнд хүргээд доторхи шороо шаврыг нь ухаж, чулуу хадыг нь зөөж, цэвэрлэсэн гэдэг. Дараагийн удаад 1979 оноос Зөвлөлтийн инженерүүд, барилгачдын гараар Тариалан сумын төвийн дээд хажуу талд, Хархираа гол дээр толгойн барилгыг барьж, хөлдсөн мөсийг нь хаварт хайлуулж, усыг бүлээсгэж байгаад 250-1000 мм-ийн диаметртэй ган хоолойгоор 53 км газар татаж, тариа, ногооны талбайг бороожуулагч системээр түгээж усалдаг байв. Энэхүү услалтын системээр жилд 2000 га талбайд байрлуулсан 75 бороожуулагч “Фрегат” машиныг ажиллуулж, жилд 2 удаа ургац хурааж, Ховд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Говь – Алтай аймгуудыг гурил, тэжээлээр хангадаг тийм үе саяхан байсан. Харин зах зээл эхэлсэн гэх тэр сургаар нөгөө барьж байгуулсан услалтын систем, түүнийг түшиглүүлэн босгосон орос маягийн цэмцгэр тосгон, тэжээлийн үйлдвэр, тэр ч бүү хэл талбайн суваг хоолойнууд хар гараар орж, байшин барилгыг нь сүйтгэж, эвдэрхий балгас болгосон нь даанч харамсалтай. Харин олон зуун жил ашиглагдаж, зарим үед өөр өнгө төрхийг олж, баларч, бас дахин сэргэж байсан өнөөх галдан бошготын бух л хуучнаараа өнөөгийн хөгжлийн ороо бусгаа нүүр царайг гайхах мэт оршсоор байна. Одоо энэ бухыг ашиглан Тариалан сумын ардууд тариа тарьж арвин их ургац хураан, арвайн гурил хийж байгаа нь Увс нутгийн онцгой брендийн нэг болж байна. Ахмад үеийнхний хийж бүтээснийг уламжлан баяжуулж санаачлан бүтээсэн эзнийг нь түүхэнд үнэнээр нь үлдээх нь өнөөгийн бидний ариун үүрэг юм. Ямарч л байсан Цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох,хөрсний элэгдэлтэй тэмцэхэд уламжлалт энэ аргыг орчин цагийн техник технологитай хослуулан хөгжүүлж ашиглаж болох нь ойлгомжтой байна. Дасан зохицоно гэдэг маань байгалийн шууд хараат байдлаас гарах, газар тариалангаа усалгаатай болгох, мал аж ахуйгаа байгалийн эрсдэл тохиолдсон үед тодорхой хугацаанд хэвийн өсгөж үржүүлэх боломж бүрдүүлнэ гэсэн үг.
Эрчимжсэн технологи гэдэг нь цомхотгосон технологийг нэвтрүүлэх, улмаар тэг элдэншүүлэгт шилжиж өндөр ургац хураах үйл явцаар хэрэгжинэ. Өнөөгийн цаг уурын өөрчлөлтийн нөхцөлд усалгаагүйгээр газар тариалан эрхлэх боломж хязгаарлагдмал болсон. Ус өөрөө өргөн хэрэглээтэй зүйл, хүн, мал, ан амьтан, ургамал, үйлдвэрт хаана ч өргөн хэрэглэгддэг. Усалгаатай тариалангийн эмзэг асуудлын нэг нь хөрсний мелиораци юм.
Усалгааны технологийг зөв хэрэгжүүлэх, усалгаатай нөхцөлд тохирсон сорт тариалах, хөрс хамгаалах боловсруулах, арга хэмжээг оновчтой болгож чадвал нэгжээс авах ургацыг 25-30 ц/га хүргэх бүрэн боломжтой.
Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлхэд мэргэжилтэн, механикжуулагчдын мэдлэг боловсрыг дээшлүүлэх нь юу юунаас чухал юм. Учир юу вэ гэвэл хэн ч мэдэхгүй зүйлээ хийж чаддаггүй болохоор тэр.
Байгаль цаг уур луу чиглэсэн өндөр технологитой үйлдвэрлэл тэргүүн зэргийн ач холбогдол өгнө. Дэлхийн дулаарал нь зарим ургамлын ургацыг ихэсгэх, боловсролтыг хурдасгаж, тэнцвэржүүлдэг тул бүс нутгуудад зэрэг үйлдвэрлэл явуулж ,ургамлын нэр төрлийг олшруулж байж эрсдлээс аврагдаж чадна гэдгийг анхаарах ёстой.
Баруун бүсийн үр тарианы нутаг бол Увс аймаг байсан цаашдаач байх нь зайлшгүй. Бүсийн үр тарианы гол нутаг болохын хувьд газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх асуудлыг цогцоор нь авч үзэж оновчтой шинэчлэл хийх хэрэгтэй байна.
- Нийт 13 мянган га услалтын систем байснаас одоогоор шууд ашиглаж болох 3,0 мянган га усалгаатай талбай байна. Үүнээс 12,0-18,0 мянган тн буудай хураан авч үр тарианы үйлдвэрлэлийг сэргээж улмаар ажиллаж байсан бүх системээ сэргээж, баруун бүс нутгийн үр тарианы, монгол улсын арвайн гурилын хэрэгцээг хангахад эхний ээлжийн бодлогоо чиглүүлмээр санагдана.
- Үрийн асуудлыг нэгэнт нутагшсан сорт Альбидум-43, Цагаан дэглий, Каленсон зэргээс гадна усалгаатай нөхцөлд өндөр ургац өгдөг сортуудыг шинээр нутагшуулах
- Төрөөс газар тариаланг дэмжиж байгаа санхүүгийн дэмжлэг аль нэг хэсэгт нь чиглэгдсэн эцсийн үр дүнд нөлөө муутай байгааг засах.Тухайлбал үрийн чанар муутай буудай олгох юмуу, уринш, шатахууны зээл олгох, тушаасан үр тарианд урамшуулал өгч байгаа нь өндөр ургац авах гол хөшүүрэг болж чадахгүй байна. Харин хуурамч мэдээ мэдээлэл, бичиг баримт бүрдүүлэх нөхцөл болж байна. Даатгалаас нь эхлээд бүхий л санхүүжилтийг шийдсэн хөрөнгө оруулалт хийж байж эцсийн үр ашиг нь дээшилнэ.
- Хөрс сайжруулах, ургац нэмэгдүүлэх бордооны оновчтой хувилбарыг сонгох, зурваслан, ээлжлэн тарих гэх мэт хөрс хамгаалах явдал эрчимжилтийн нэг үндэс юм
- Даатгалын харилцааг бүрдүүлэх, зам, холбоо харилцаа, дэд бүтэц, тээврийн системийг сайжруулах асуудалд иж бүрэн хандах .
- Газар тариалан эрхлэх арга барилыг өөрчлөхөд Эрдэм шинжилгээний байгууллагын үүрэг,оролцоог дээшлүүлэх шаардлага гарч байна.
Эдгээр болон бусад холбогдох асуудлуудыг бодлогын голд тавьж тариаланчид өөрөөсөө хамаарах бүхнийг мэрэгжлийн төвшинд хийвэл цаг уурын өөрчлөлтөнд зохицож, эрчимжилт хэрэгжнэ.Ургахын буянтай өвөг дээдсээс хайрлан хамгаалж ирсэн энэ газар нутагт хэзээ нэг цагт дахин тариан тэнгэс шууранхайлан халиурч, трактор, комбайны дуу шөнөжин нүргэлж, Бошготын бухын дахин сэргэсэн гайхам түүх ирнэ гэдэгт итгэлтэй байна

Сайнс үйлс бүхэн дэргэрэх болтугай



Ж.ДООЖАВ
СЭДЭВ : Нийтлэл