Өнгөрсөн онд манай байгууллага амжилт бүтээлээр арвин байсан

Өнгөрсөн онд манай байгууллага амжилт бүтээлээр арвин байсан

Б.Батбаяр: Өнгөрсөн онд манай байгууллага амжилт бүтээлээр арвин байсан

   Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Батаагийн Батбаяртай ярилцлаа.

-2017 оныг Увс аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгосон. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?

-Өнгөрсөн хоёр жилд Байгаль орчны чиглэлээр болон аялал жуулчлалын чиглэлээр олон талт ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гол ажлуудын нэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх юм. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллаа. Жил бүр “ITM – MONGOLIA олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог. Энэ жил тус үзэсгэлэнд  Увс аймаг, Тува улстай хамтран  оролцсоноороо онцлог байлаа. Мөн “Ойрад” ХЖТ – ын  уран бүтээлчид, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл гээд 50-иад хүний бүрэлдэхүүнтэй оролцож, аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг сурталчилж, жуулчин авах гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаа. Хотын ойролцоох жуулчны баазуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлуулах аяллыг зохион байгуулсан.

Увс аймаг  “ITM – 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түншлэгч аймгаар сонгогдож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, батламжаа гардан авсан.

   2017 оныг Увс аймаг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгож зарласантай холбоотой Увс аймагт “Аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөр” -ийг батлуулсан, мөн олон улсын томоохон үзэсгэлэн БНХАУ-ын Шандон мужын Жинан хот Аялал жуулчлалын үзэсгэлэн, ОХУ-ын Томск хот “СҮХНИЙ БАЯР” зэрэг үзэсгэлэн худалдаанд оролцож аймгаа сурталчилах ажлууд хийгдсэн. Ингэснээр 2016 онд ирж байсан жуулчдын тоо өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдсэн.

 Тэрчлэн Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс/ GIZ /, хэрэгжүүлж байгаа “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төсөлтэй хамтран Улаангом хотод аялал жуулчлалын “Гэр” мэдээллийн төв, мөн Нисэх онгоцны буудал дээр “Мэдээллийн булан” байгуулсан. Гэр мэдээллийн төв маань 21 аймагтаа анхдагч болсон дэвшилтэт ажил болсон бөгөөд энэ сарын 15-аас ажиллана. Тус мэдээллийн төвөөс жуулчын бааз, амралтын газруудын танилцуулга, хөтөч хийх хүмүүсийн мэдээлэл, газрын зураг, брошур зэрэг мэдээллийг авах боломжтой юм. Мөн www.uvstourism.com аялал жуулчлалын вэб сайтыг хийхээр төлөвлөж байна.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжиж байгаа гэсэн. Тус төслийн талаар мэдээлэл өгөөч?

-Монгол, Тайланд, Герман улсын 3 талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа  “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл Увс, Баянхонгор, Сэлэнгэ 3 аймагт хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгаа. Саяхан манай аймгаас таван хүн 14 хоногийн хугацаатай Тайланд улсад  туршлага судлах, сургалт аялалд хамрагдаад ирсэн. Одоо гурван суманд нөхөрлөл байгуулж эдгээр нөхөрлөлүүд маань нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна аялал жуучлалыг хөгжүүлэх чиглэлээр санал санаачлага гаргаж, оролцоогоо нэмэгдүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахаар ажиллах байна. Энэ сарын сүүлчээр уг төслийн нээлт Улаанбаатар хотноо албан ёсоор болох юм.

 

 

-Манай аймагт байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүд цөөнгүй байдаг биз дээ?

-Бөхмөрөн, Сагил сумдын нутгийг дамнасан Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газарт 2000 гаруй аргаль угалз байгаа бөгөөд эдгээрийг хамгаалдаг 13 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Энэ бүс нутагт идэвхтэн байгаль хамгаалагчид ажиллаж байгаа болохоор хулгайн ан буурсан. Ер нь бол малчдыг нөхөрлөлийн журмаар ажиллуулах нь их үр дүнтэй юм билээ.

-Аргаль угалз гэснээс спорт ан агнуур энэ жил хийгдэж байгаа юу?

-Аливаа анг агнахын тулд суурь судалгаа хийлгэх ёстой. Иймээс “Уламжлалт ав” компаниар аргаль хонь болон загасны агнуурын судалгааг өнгөрсөн жил хийлгэсэн. Манай аймагт 2000 гаруй аргаль угалз байна гэсэн судалгааны дагуу Байгаль орчны сайдын тушаалаар өнгөрсөн жил 9 угалз агнуулсан. Ингэснээр 450 сая төгрөг аймаг орон нутгийн төсөвт суусан байгаа. Энэ жил 10 угалз агнуулахаар хүсэлтээ яаманд хүргүүлээд байна. Ирэх сараас эхлээд угалзын агнуур хийгдэнэ. Тэгвэл дунджаар 500 орчим сая төгрөг аймаг орон нутгийн төсөвт орох юм.

  2016 онд загасны нөөцийн судалгаа хийлгэхэд Үүрэг нуураас 30 мянга, Ачит нуураас 20 мянга, Хяргас нуурын Айргийн хоолойгоос 30 мянган ширхэг загас агнах боломжтой гэсэн судалгаа гарсан. Харин загасны үйлдвэр байж болохгүй юм билээ. Ангийн сүргийн бүтцийг хадгалах үүднээс жил бүр цаазлалт хийхгүй бол загасны идэш тэжээл хомсдох магадлалтай байгаа.

Ер нь бол жил бүр нөөцийн судалгаа хийлгэж байхгүй бол биологийн төрөл зүйл ан амьтан устаж алга болох эрсдэлтэй. Манай аймагт агнуурын нарийвчилсан судалгаа л хийгдсэн байсан. Харин ургамлын судалгаа, газрын хөрсний доорх усны судалгаа, түгээмэл тархацтай ашигт малтмалын судалгаа хийгдээгүй байсан. Энэ жил ургамлын судалгаа хийгдэнэ.Ойн судалгаа тодорхой хэмжээнд хийгдээд явж байгаа. Манай аймгийн ой ойрын жилүүдэд хортон шавьжид их баригдаж байгаа. Өнгөрсөн жил 4000 га-д агаараас онгоцоор хор цацсан. Нийтдээ 12 мянган га-д хортон шавьжний тархацтай байгаа бөгөөд,  хор цацах шаардлагатай гэдэг судалгаа гарсны дагуу энэ жил 12 мянган га-д агаараас хор цацна.

-Ангаас орсон орлогыг зориулалтын дагуу зарцуулж чадаж байгаа юу?

-Өнгөрсөн жил ан амьтан ашигласны төлбөрт 242 сая төгрөг зарцуулахаас аймгийн хэмжээнд 138 сая төгрөг батлуулаад түүнийгээ ой, ус, ан амьтан гээд бүхий л зүйлд зарцуулсан байгаа. Уг нь бол манайх 300 орчим сая төгрөгийг ан амьтан хамгаалахад зарцуулмаар байна гэдэг саналаа аймагт хүргүүлсэн ч аймгийн ИТХ-аар танагдсаар байгаад 138 сая болсон.

-Манай аймагт уул уурхайн чиглэлээр хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Хар тарвагатай, Хотгор, Эрчимийн нүүрсний уурхайнууд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа. Харин Довтын болон Хүдэнгийн уурхай үйл ажиллагаа явуулахгүй байна. Увс аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнууд дээр дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг авахуулахаар мэргэжлийн байгууллагууд шахаж шаардаж байгаа. Тухайлбал, Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа Баян-Өлгий аймгийн Хотгор, Эрчимын уурхайнууд малын бэлчээр талхалсан маш олон салаа зам бий болгосон байсан. Эдгээр уурхайнууд замын хоёр талаар шуудуу татсанаас өөр ажил хийгээгүй. Иймээс аймгийн ЗДТГ-аас мэргэжлийн байгууллагуудтай хамтраад өнгөрсөн намар шалгалт хийж, засмал зам тавих, бүр болохгүй бол ядаж шороон зурвас татахыг шаардсан.

  Үүнээс гадна Наранбулаг суманд төмрийн хүдрийн Харганатын орд ашиглалтад орж байгаа. Үүнд нутгийн иргэд хяналт сайн тавьж, мэргэжлийн байгууллагууд анхнаас нь шахаж шаардаж ажиллана гэж байгаа. Юун түрүүнд Харганат сан байгуулж ажиллахаар болсон. Тухайлбал, тонн тутмаас тодорхой мөнгө авч сан үүсгээд тэр мөнгөөрөө аймаг орон нутгийн бүтээн байгуулалт, хүүхэд багачуудын боловсролд зарцуулахаар болсон.

-Өнгөрсөн жил хийгдсэн гол ажлуудаасаа нэрлээч?

-2017 он бол манай байгууллагын хувьд амжилт бүтээлээр дүүрэн он байсан. Тухайлбал, БОАЖЯ-аас зарласан “Цэвэр сайхан орчин” аяныг аймагтаа амжилттай зохион байгуулж, улсын хэмжээнд 2-р байранд шалгаран 12 сая төгрөгөөр шагнуулсан байгаа. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг зохион байгуулж, баруун аймгуудаасаа 2-р байранд шалгарч 6 сая төгрөгөөр шагнуулан, гурван байгаль хамгаалагчаа унаажуулсан. Тэрчлэн Ирвэсийн фестивалийг Увс аймагтаа анх удаа зохион байгуулж, баруун таван аймгийн болон ОХУ-ын Тува улс, Горный Алтайн төлөөлөл зэрэг 300 орчим сурагчдыг хамруулсан. Энэ бүх ажлынхаа үзүүлэлтээр манай хамт олон улсын хэмжээнд 2-р байр эзлэж, БОАЖЯ-ны шагнал хүртсэндээ баяртай байгаа.

-Увс аймгийн урлаг, соёлын өдрүүд Тувад болох гэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Тиймээ 5 дугаар сарын 25-27-нд ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотод Увс аймгийн урлаг, соёлын өдрүүдийг хийхээр болсон. Энэ хүрээнд

1. Худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал болон  хамтын ажиллагааны чиглэлээр

2. Урлаг, соёлын арга хэмжээний хүрээнд

3. Спортын арга хэмжээ гэсэн ерөнхий 3 чиглэлээр  олон арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Тухайлбал хил орчмын аялал жуулчлал форум, дугуй ширээний уулзалт, Эв мод нийлүүлэх ёслол, Увс аймгийн “Ойрад” ХЖТ – ын уран бүтээлчдийн тоглолт, Үндэсний бөхийн барилдаан гэх мэт үйл ажиллагаа болно. Мөн манай аймгаас зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, амралтын газар, гар урчуудын төлөөлөл болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ зарж борлуулах юм.

Өнгөрсөн онд Боршоо боомтоор орж ирсэн иргэдийн тоо 80 мянгад хүрсэн. Энэ нь Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Тува улстай бүх тал дээр хамтарч ажиллах, хил орчмын аяллыг зохион байгуулах таатай боломж бүрдэж байна.

-Сүүлчийн мөчийг танд үлдээе?

-Хүн бол байгалийн амьтан учраас эх дэлхийтэйгээ хүйн холбоотой байдаг. Иймээс хүн бүр байгалиа хайрлан хамгаалмаар байна. Аугаа их зүйл асар багаас эхэлдэг шүү дээ. Иймээс ядаж ил задгай хог хаягдал хаягүй байх хэрэгтэй.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
12
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 14 ℃
Шөнө: -1 ℃
2018-09-21
Өдөр: 15 ℃
Шөнө: 0 ℃
2018-09-22
Өдөр: 16 ℃
Шөнө: 3 ℃
2018-09-23
Өдөр: 15 ℃
Шөнө: 4 ℃
2018-09-24

Цахим холбоос