Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох гэж байна.
Сонгогчийн санал авах ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 15-ны Пүрэв гарагт өглөөний 6 цагаас оройн 19 цаг хүртэл явагдана.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 3 нам болон бие даан нэр дэвшигч 19, сумын ИТХ-ын сонгуульд 3 нам, 16 бие даан нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа.
Сонгуульд оролцож буй нам, нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг ажиглахаар бүртгүүлж, үнэмлэхээ авч бэлтгэлээ хангалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор баталсан журмыг хэрэгжүүлж, Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, 93 санал авах байранд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийж дууслаа.
Та бүхэн саналаа өгөхөөр очихдоо амны хаалтаа зүүж, өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс бага насны хүүхэд дагуулж очихгүй байхыг хүсье.
ЭРХЭМ СОНГОГЧИД оо!
Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг аймгийн Сонгуулийн хорооны зүгээс Та бүхэндээ хандан уриалж байна.
Төрийн сонгууль түвшин, түмний оролцоо өргөн байх болтугай!
УВС АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО
2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр