Увс аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт

Увс аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт

НЭГ: НИЙГМИЙН БОДЛОГЫН ТАЛААР

1.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд: 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 6 төсөл хөтөлбөр  90 хувьтай хэрэгжиж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бий болгосон ажлын байранд зуучлах үйлчилгээний хүрээнд  2019 оны байдлаар 1000 ажлын байр бий болгохоор төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэлээр байнгын ажлын байранд 754 иргэнийг, түр ажлын байранд 700 иргэнийг, нийт 1454 иргэн шинэ ажлын байртай болсон. Үүнээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  6 төсөл хөтөлбөрөөр 348, барилгын салбар, улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийт 1106  ажлын шинэ байр бий боллоо. Аймгийн ахмадын сувиллын өргөтгөлийн зураг төсвийг гаргуулан, гүйцэтгэж,  цахилгаан дамжуулалтыг орон нутгийн төсвөөс  шийдвэрлэж ажилласан. Ингэснээр Ахмадын сувиллын орны тоо нэмэгдэж, ая тухтай орчинд жилдээ 800 гаруй ахмад амарч сувилуулах боломжтой боллоо.  

Баруун бүсийн ахмадын асрамжийн газрын барилгад их засвар хийгдсэнээр асруулагчдын амьдрах орчин нөхцөл сайжирсан. Ахмадын сувилалд 543 ахмад настан амарч сувилуулан сэргээн засах үйлчилгээнд  хамрагдаж, ахмад настны насны хишиг үйлчилгээнд  2998  ахмад настанд  470.0 сая төгрөг олголоо. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд  1.7 мянган өрхийн 9000 гаруй иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид 15306 өрхийн 28092 хүүхэд хамрагдаж, өрх толгойлсон 213 хүнд 250.9 сая төгрөг, 0-3 насны хүүхдээ асарч байгаа 4852 эхэд 2.7 тэрбум төгрөгийн тэтгэмж өглөө. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд  2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөө гарган, сум, байгууллагуудад хүргэн хэрэгжилтийг зохион байгуулан ажилласны үр дүнд гүйцэтгэлийн хэрэгжилт 90 хувьтай дүгнэгдсэнээр тэдэнд чиглэсэн ажлын хүртээмж, оролцоо сайжирсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгыг төвлөрсөн халаалтад холбосноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ гишүүддээ чиглэсэн үйл ажиллагааг ая тухтай орчинд явуулах боломж бүрдсэн. Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд  2019 онд эмэгтэйчүүдийн чуулган, эрэгтэйчүүдийн хэлэлцүүлэг, хөвгүүдэд зориулсан чин сэтгэлийн ярилцлага, өрх толгойлсон ээж, аавуудад зориулсан арга хэмжээ, угийн бичгийн сургалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Нийгмийн даатгалын хуульд орсон өөрчлөлтийн хэрэгжилтийг зохион байгуулж, хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Аймгийн хэмжээнд эдийн засгийн идэвхтэй хүн амын 9855 иргэнийг эрүүл мэндийн даатгалд, 11814 хүнийг нийгмийн даатгалын албан журмын даатгалд, 4561   иргэнийг нийгмийн даатгалын сайн дурын даатгалд, нийт 26230 иргэнийг нийгмийн даатгалд хамруулсан нь эдийн засгийн идэвхтэй 36400 хүн амын 72.0 хувь хамрагдаж төлөвлөгөөг 98.6  хувиар биелүүлсэн байна.

1.2 Эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

 

“Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн V чуулган”-ыг зохион байгуулж, бүсийн аймгууд болон ОХУ-ын Тува улсын төлөөлөл, ЭМЯ, ДЭМБ зэрэг байгууллагууд хамтран оролцсон. Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг,  ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсан, тэргүүн сайн туршлагыг нэвтрүүлэх, харилцан мэдлэг хуваалцсан ажил болсон.

“ЭРДМИЙН ТОВЧООН-2019” онол практикийн бага хурал, “Сувилахуй эрдмийн товчоон-2019”  эрдэм шинжилгээний бага хурлыг тус тус зохион байгуулж  нийт сувилагч, тусгай мэргэжилтний 70 гаруй хувь нь оролцон, сувилахуйн тусламж үйлчилгээг нотолгоонд тулгуурлан хөгжүүлэх, бие биенээсээ суралцан туршлага солилцох үр дүнтэй үйл ажиллагаа болсон.  2019 онд БНСУ-ын Пусан хотын "Сайхан хүмүүс" олон нийтийн байгууллага Увс аймгийн эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах санал тавьсны дагуу аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өндөрхангай, Зүүнхангай, Завхан зэрэг сумдын эрүүл мэндийн төвд нийт 4 ширхэг бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгснөөр дээрх сумдад алслагдсан сум, багаас өвчтөнг аюулгүй түргэн шуурхай тээвэрлэх нөхцөл бүрдсэн.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн кабинет, нүдний кабинет байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж байна. "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийн 5 шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад тэнцэж, 2-12 насны 21284 хүүхдийг сум, багаар хуваарилан мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан. Хөтөлбөр 5 жилийн хугацаатай хэрэгжих I үе шатын хэрэгжилтийн хувь 108.4 хувьтай байна.

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөдөөгийн  18 сумын  багийн  иргэд, Улаангом сумын 12 багт “Баг-93” явуулын тусламж үйлчилгээг 6 ээлжээр нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн 17-60 хүний бүрэлдэхүүнтэй баг нийт  49  хоног,  52 цэгт тусламж үйлчилгээг үзүүлсэн. Нийт 41036 хүн амд эрүүл мэндийн үзлэг хийж 2-р шатлалд 549, 3-р шатлалд 92 хүнийг илгээж, 52 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, 2416 хүнд эмчилгээний зөвлөгөө өгсөн.  Жирэмсэн эхийн эрт үеийн хяналтын чанарыг сайжруулж, хожуу хүндрэлийг бууруулж, нялхсын золгүй, гэнэтийн нас баралт, эндэгдлийг үе шаттайгаар багасгаж халдварт өвчнийг бууруулан ажилласны үр дүнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2016 онд 55, 2017 онд 45, 2018 онд 38, 2019 онд 11-р сарын байдлаар 28 болсноор нялхсын эндэгдэл, осол гэмтлийн шалтгаант нас баралт тус тус буурч, жирэмсэн эхийн хяналт 94,6 хувь байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад тогтмол өндөр байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төвд 50 ортой Хүүхдийн эмнэлэг  барих ажлыг эхлүүлэн барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна. Мөн  Улаангом сумын 12-р багт өрхийн ЭМТ-ийн барилга шинээр барих,  Цагаанхайрхан, Бөхмөрөн сумын ЭМТ-ийн барилгын өргөтгөл, Ховд, Өндөрхангай сумын ЭМТ, аймгийн Зоонозын төвийн барилгын их засвар, Баруунтуруун, Давст, Цагаанхайрхан, Өлгий, Зүүнговь, Зүүнхангай, Ховд сумын ЭМТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байна.

1.3 Боловсролын салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

2019 оны ЭЕШ-аар Увс аймгийн төгсөгчид улсын хэмжээнд өмнөх жилийн аргачлалаар 1-р байр, шинэчилсэн аргачлалаар 5-р байр эзэлсэн амжилт үзүүллээ. 2019 оны боловсролын чанарын үнэлгээний шалгалтад 58.3% буюу улсын дунджаас 8.5 хувиар илүү шалгагдсан байна.

Аймгийн хэмжээнд ЕБС-иудын 40 хувь, дотуур байрны 52 хувь, Хүүхдийн цэцэрлэгүүдийн 76 хувь нь стандарт хангасан боловсон ариун цэврийн байгууламжтай боллоо. Боловсролын салбарт Улсын болон ОНХО-аар Түргэн сумын ЕБС-ийн 320 хүүхдийн хичээлийн байр, Улаангом сумын 2, 12-р багийн төвийн цэцэрлэгийн барилга,  Улаангом сумын цогцолбор 2-р сургуулийн барилгын өргөтгөл, Давст сумын ЕБС-ийн дотуур байрны барилга, Тэс сумын ЕБ-ийн 1-р сургуулийн дотуур байрны барилгын өргөтгөл, Өндөрхангай, Улаангом сумын 3, 6, 9-р цэцэрлэгийн барилгын өргөтгөл зэргийг шинээр барьж байгуулан ашиглалтад оруулсан,  Баруунтуруун сумын ЕБС-ийн дотуур байр, цэцэрлэгийн барилгын их засвар, Улаангом сумын ЕБ-ийн 5-р сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн барилгын их засвар, Малчин, Зүүнхангай, Өмнөговь, Хяргас сумдын Хүүхдийн цэцэрлэгийн их засвар, Завхан, Өндөрхангай, Улаангом сумын 3, 6-р сургуулийн барилгын их засварын ажлуудыг хийж гүйцэтгэснээр сургуулийн суудлын тоо 480-аар, цэцэрлэгийн орны тоо 650-аар нэмэгдэж цэцэрлэг, сургуулийн ачаалал буурч, ая тухтай, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүллээ.

Аймгийн хэмжээнд СӨБ-д хамрагдвал зохих 2-5 насны 8165 хүүхдээс 7595 хүүхэд буюу 93.2% нь хамрагдаж өмнөх оныхоос 4.5%-иар, 2016 оныхоос 10 %-иар өссөн байна. Улаангом политехник коллежийн оюутны 300 ортой дотуур байр,  Наранбулаг сумын ЕБС-ийн 640 хүүхдийн хичээлийн байр, Зүүнговь, Тариалан сумдын Хүүхдийн цэцэрлэгийн барилга, Бөхмөрөн, Зүүнговь, Зүүнхангай сумдын ЕБС-ийн спорт заал, Өлгий сумын спортын цогцолбор зэрэг барилгууд шинээр баригдаж байна. 

1.4 Соёлын салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

Ойрад ХЖТеатраас баруун Монголын хурим, найрын ёс заншлыг харуулсан “Гурван чимэгтэй наадам” үндэсний бүрэн хэмжээний театрчилсан уран бүтээлийг шинээр туурвиж үзэгчдийн хүртээл болгосон. Мөн Баг-93 соёл урлагийн үйлчилгээг  сумдад зохион байгуулснаар хөдөөгийн ард, иргэдэд мэргэжлийн соёлын байгууллагын үйлчилгээг хүргэх, түгээн дэлгэрүүлэх, ойрад түмний баялаг өв соёлыг сурталчилсан ажил боллоо.

2019 онд гадаадын 6 улс, дотоодын 4 аймаг, хот, өөрийн аймгийн 19 сум, багийн иргэдэд ардын урлагийн олон төрөл зүйлийг орчин үе, сонгодог урлагтай хослуулан мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн тоглолтыг давхардсан тоогоор 10000 гаруй хүнд хүргэж үйлчилсэн байна. Тэс, Бөхмөрөн, Цагаанхайрхан сумууд "Сум сурталчлах-соёлын өдөр" арга хэмжээг аймгийн төвд зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр сум тус бүр түүх соёл, ёс заншлын онцлог бүхий баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үзэсгэлэн худалдаа, өв соёлоо харуулсан урлаг уран сайхан,  хүндэтгэлийн концерт, хүчит  бөхийн барилдаан зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

1.5 Спортын салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

Аймгийн хэмжээнд өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд нийтийн биеийн тамирын болон спортын 124 удаагийн арга хэмжээ зохион байгуулж, 15596 иргэн хамрагдсан байна.

Увс аймагт шинэ тутам хөгжих боломжтой спортын төрлүүдийг бодлогоор дэмжиж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн “Боксын ринг”-тэй болсон. Багийн спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Сагсан бөмбөг, Волейбол, Хөл бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургалтын чанарт ахиц гарч хүүхдийн спортын 6 дугаар их наадмын Сагсан бөмбөгийн 3х3, 5х5 төрөлд баруун бүсээс шалгаран  шигшээ тэмцээнд амжилттай оролцож 3х3 төрөлд хөвгүүдийн баг Алтан медаль, 3х3 төрөлд охидын баг 4-р байрт шалгарч багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэллээ.

Хөл бөмбөгийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний U-16 насны ангилалд Увс аймгийн баг тамирчид “Алтан” медаль хүртсэн бол Насанд хүрэгчдийн Үндэсний цомын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн гэх мэт томоохон амжилтууд гаргаад байна. Тайлант онд Увс аймгийн баг тамирчдаас Сумо бөхийн ДАШТ-ээс 1 хүрэл медаль, хөнгөн атлетикийн төрөлд 1 алтан медаль, сумо бөхийн төрөлд 1 хүрэл медаль, спортын бусад төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль-50, мөнгөн медаль- 50, хүрэл медаль-81, нийт 181 медаль хүртсэн арвин амжилтын он жил байлаа.

1.6 Гэр бүл хүүхэд, залуучуудын салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

Аймгийн залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж Улаанбаатар хот болон Ховд аймагт суралцаж буй 53 оюутанд 11.2 сая төгрөгийн тэтгэлэг олгож, хүүхдийн өөрөө удирдах байгууллагын сурагч үе тэнгийн сургагч багшаар бэлтгэх сургалт, Өсвөр үе залуучуудын сонирхлын 6 клуб, дугуйланд 306 залуу, хөгжил төлөвшлийн амьдрах ухааны 12 цогц сургалтад 520 залуу тус тус хамрагдсан. Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж 19 сум, багийн 500 гаруй залуучууд оролцож, залуусын гэмт хэрэг зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжил сонголт-Залуучуудын боловсрол, цус ойртолтоос сэргийлж, хамгаалах нь, залуучуудын оролцоо манлайлал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, уриалга гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Хүүхдэд ээлтэй орон нутаг аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, эрх, хамгаалал, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэх зэрэг 21 ажил төлөвлөн хэрэгжилтийг ханган ажилласан байна. Аймгийн ГХУССЗөвлөлөөс иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 14 суманд 1647 хүүхэд 1301 иргэнд урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Бүтэн өнчин хүүхдүүдэд зориулан “Амьдралын гараа” тэтгэмж олгох ажлын хүрээнд 16 сумын нийт 79 хүүхдэд тус бүр 250000 төгрөгийн  хадгаламж нээж өгсөн. Хүүхдийн урлаг, уран бүтээлийн Авьяас-2019 наадамд 28 сургууль, 30 цэцэрлэгийн 3500 гаруй хүүхэд оролцож авьяас, ур чадвараа хөгжүүлсэн байна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ТАЛААР:

Аймгийн эдийн засгийн хөгжил, дэд бүтэц, хот байгуулалт, үйлдвэрлэл, ХАА-н болон аялал жуулчлал, Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт нийтдээ 101 зорилт, арга хэмжээ төлөвлөгдөж, гүйцэтгэлийн хэрэгжилт 93.9 хувийн биелэлттэй байна.  “Увс аймагт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт -2019” арга хэмжээг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулснаар дотоод гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна Энэтхэг, Америк, Солонгос, Казакстан, Куб, ОХУ зэрэг улсын элчин сайдын яамд, олон улсын төслийн байгууллагууд, үйлдвэрлэгчид, бизнесменүүд зэрэг 500 гаруй хүн оролцсон.

Увс аймагт хөрөнгө оруулалт хийхээр мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр, хүнсний ногооны төсөл зэрэгт нийт 29,5 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 26,3 тэрбум төгрөг, байгаль орчны салбарт 14,7 тэрбум төгрөг, аялал жуулчлалын салбарт 1,6 тэрбум төгрөг, эрүүл мэндийн салбарт 160,0 сая төгрөг, ХАА-н бусад салбарт 2,5 тэрбум төгрөг, банк санхүүгийн салбарын бүтээн байгуулалтад 2,0 тэрбум төгрөг, нийгмийн бусад салбарт 660 сая төгрөг, нийтдээ 77,6 тэрбум төгрөгийн төслүүдийг төр, хувийн хэвшил, иргэдийн хандиваар хамтран хэрэгжүүлэхээр болж санамж бичгүүдэд гарын үсэг зурснаар 10 төсөл нь орон нутагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүүхэд хөгжүүлэх, орчин тохижуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, амжилт үзүүлсэн багш нарыг урамшуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг нийгмийн салбарт 662 сая төгрөгийн ажил хийгдсэн байна. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үзэгт зурсан ажлууд ийнхүү хэрэгжиж эхэлсэн бөгөөд ирэх онуудад үргэлжлүүлэн хэрэгжих юм. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 1.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт нийт 15 аж ахуйн нэгжийн төсөл дэмжигдэж, Увсын брэнд цагаан ултай гутал, жимс чацарганы бүтээгдэхүүн, модон урлал, давсан чимэглэл, зөөлөн оёдол, мах, сүүн бүтээгдэхүүн, эсгий, талх, нарийн боов, хүнсний ногоо боловсруулах, замын хавтан, вакум цонхны үйлдвэр байгуулах зэрэг үйлдвэрлэлийг хөгжүүлэх 15 төсөлд 20.0–120.0 сая төгрөгийн зээл олгогдож эхэлсэн байна.                                                                                                                                  

2.1 ХАА-н салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

Увс аймагт 2018 оны эцэст  3.2 сая толгой мал тоологдож, өнгөрсөн оноос 11.1 хувиар өссөн. Мал аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний  34.4  хувийг  бүрдүүлж,  малчдын зээлийн хэмжээ буурч, иргэдийн хадгаламж өссөн байна.

 Увсчууд бид 1993 оноос хойш олон жил ярьж ирсэн Өлгийн улаан ямаа,  Тэс хэвшлийн адууг Үүлдэр болгон баталгаажуулах түүхэн ажил 2019 онд хийгдлээ. Үүлдэр болон албан ёсоор баталгаажсанаар шилмэл хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулах, цаашид улс орны болон олон улсын түвшинд Тэс үүлдрийн адуу, Өлгийн улаан ямааны ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх эдийн засгийн онцгой ач холбогдолтой ажил болсон. Энэхүү ажлыг бодит ажил болгох санаачилгыг дэмжиж санхүү төсвийн асуудлыг шийдвэрлэж өгсөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Өлгий, Тэс сумын ИТХ, ЗДТГ, эрдэмтэн судлаачдын багт аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Аймгийн хэмжээнд 5050  малчин, мал бүхий иргэд арьс ширний урамшуулалд  хамрагдаж 2019 онд 600 сая төгрөг авсан нь  өмнөх жилтэй харьцуулахад 27.2 %-иар өссөн байна. Мөн 4757  малчин өрхийн ноосны урамшууллын материалыг нэгтгэж, Мал хамгаалах санд хүргүүлээд байна. Энэ жил  16524 га талбайд  үр тариа тариалж, 26274 тн ургац авлаа. Увс аймгийн ажилсаг, хөдөлмөрч тариаланчид маань сүүлийн 20 жил аваагүй ургац хураан авч, үр тарианы салбарт сэргэлтийн үе эхэлснийг дуулгахад таатай байна.

2.2 Дэд бүтцийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын салбарт 36.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдлээ.  2019 онд шинээр сургууль, цэцэрлэгүүдээс гадна Авто тээврийн техник хяналтын үзлэгийн төв, Бөхмөрөн, Зүүнхангай сумын Нутгийн захиргааны ордон, Зүүнговь суманд 250 суудалтай Соёлын төвийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж ашиглалтад орлоо.

Мөн  сургууль, цэцэрлэг,  дотуур байр, Соёлын төв,  эрүүл мэндийн төв зэрэг 18 барилгад  их засварын ажил  хийгдэж, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн цэвэр цэмцгэр, дулаан тохилог,  эрүүл ахуйн норм нормативыг хангасан байгууламжтай болж, иргэд , хүүхэд багачуудад  маань суралцаж хүмүүжих, төрийн албан хаагчдад ажиллах таатай орчин бүрдлээ. Энэ онд аймгийн Хөгжимт драмын "Ойрад" театрын барилга, Усан бассейн, спорт фитнесийн барилга, 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилга, Улаангом коллежийн 300 ортой оюутны дотуур байрны барилга, Наранбулаг суманд 640 суудалтай сургуулийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн.

Хяргас нуурын Зүүн хаяа– Завхан аймгийн Сонгино сум чиглэлийн 135.5 км, Сонгино–Тосонцэнгэл чиглэлийн 163 км замуудыг тус тус ашиглалтад оруулснаар мөрөөдөл мэт сонсогддог байсан Улаангом - Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо. Авто зам, зам гүүрийн салбарт нийт 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Энэхүү ажлын хүрээнд Намирын голын модон гүүрийг шинэчилж, 48 у/м төмөр бетон гүүр, 5 км хайрган замыг барьж ашиглалтад орууллаа. Өлгий, Өмнөговь, Зүүнговь сумын төвүүдэд тус бүр 1.2 км явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий цемент бетон хучилттай авто замтай боллоо. Улаангом сумын 1,3,7,12-р багт явган хүний зам, гэрэлтүүлэг, дугуйн зам бүхий 6.89 км, Цагаанхайрхан, Сагил, Давст, Баруунтуруун, Тэс сумдад тус бүр 1 км гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий хатуу хучилттай авто замын ажлуудыг эхлүүлсэн. Баруунтуруун сумын Туруун голын гүүр, Зүүнговь сумын Нарийны голд гүүрний ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Гашууны голын төмөр бетон гүүрний их засварын ажлыг эхлүүллээ. Орон нутагт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Улаангом-Хандгайт чиглэлийн авто зам дагууд хяналтын пост барьж, байнгын ажиллагаанд оруулсан. Тэс сумыг өндөр хурдны шилэн кабельд холбох, холбооны барилгыг шинээр барих ажлыг хийж гүйцэтгэлээ. Аймгийн бүх сум шилэн кабельд бүрэн холбогдлоо.

Улаангом сумын 3, 4-р багт  гэрэлтүүлэг хийж, камержуулах, Өндөрхангай, Түргэн суманд 0,4 килоВольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэл хийх, Улаангом сумын I, II багт ЦДАШ-ын өргөтгөл барих,  Ховд сумын Ачит багийг төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбох, Боршоо боомт, Давст сумын Хандгайт багийн сүлжээний цамхгийг цахилгаанаар хангах зэрэг ажлууд хэрэгжлээ. Улаангом сумын 4, 5, 6, 7, 11-р багуудад 4 ширхэг ДДТөв, дулаан, цэвэр, хэрэглээний халуун ус, бохирын шугам татах ажлыг эхлүүлснээр гэр хороололд амины орон сууц барих, хэрэглэгчдийг стандарт шаардлагад нийцсэн дулаан, хэрэглээний халуун усаар хангах, хөрс, агаарын бохирдол буурах нөхцөл бүрдлээ.

Өмнөговь, Түргэн сум, Улаангомын 2, 6, 9, 10, 12-р багуудад ундны усны нийт 8 худаг гаргаж, Өмнөговь, Наранбулаг, Хяргас сум, Улаангом сумын 2, 4, 6, 9, 10, 12-р багуудад 16 худагт ухаалаг төхөөрөмж нэмэлтээр суурилуулах ажлыг хэрэгжүүллээ.

ГУРАВ. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН БОДЛОГЫН ТАЛААР:

2019 оны 11 сарын байдлаар Боршоо, Тэс боомтоор ОХУ-аас 40985 бизнес аялагчид, 22500 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч, дэлхийн бусад 10 гаруй орноос 3500 жуулчид Увс аймагт ирж худалдаа, үйлчилгээний салбарт орлого оруулснаар дотоодын борлуулалтын хэмжээ 40.0 орчим тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны 10 сартай харьцуулахад экспортын хэмжээ 6.8 дахин өссөн мэдээтэй байна. Энэ онд “ITM-2019”  ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хамтран зохион байгуулагч, Түншлэгч аймгаар Увс аймаг ажиллаж, 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй амжилттай оролцсон.

Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах зорилтын хүрээнд  “Тэмээ-мөс-загасчлал-2019” эвент арга хэмжээг Завхан сум, Хяргас нуурт зохион байгуулж, ОХУ, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн нийт 2000 гаруй аялагч, сонирхогчид оролцлоо. Оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаа нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их байгааг харуулж байна. ГХАН ЭТИС хөтөлбөрт санал тавьсны дагуу аялал жуулчлалын чиглэлээр  үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд 10 сая хүртэлх төгрөгийн төслийн уралдаан зарлаж, 8 төслийг шалгаруулан, нийт 90.0 сая төгрөгийн санхүүжилт, ЖДҮ-ийн 15 төслийг шалгаруулж, нийт 150.0 сая төгрөгийн үнэ бүхий   тоног төхөөрөмжийн дэмжлэг тус тус үзүүллээ.       

Увс аймгийн нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн хөрсний чийг, бэлчээрийн ургамлын ургацыг сайжруулах, гол горхи, нуурын усны нөөцийг тэтгэх зорилгоор УЦУОШТөвөөс 22 удаагийн үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг амжилттай зохион байгуулж, үр ашгийн тооцооллыг хийлээ. Тусгай зөвшөөрлийн агнуур хийгдэх хугацаанд агнуурын бүс нутгаас  нийт 10 угалз, 5 тэхийн агнуурыг гэрээний дагуу зохион байгуулж, агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогод 530.3 сая төгрөг тухайн сумдын төсөвт төвлөрүүлсэн.

Улаангом суманд улсын төсвийн 250 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий “Увс аймгийн агаар, орчны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх” ажлыг Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд Улаангом сумын Увш харын хуучин хогийн цэгийн 105 га талбайн хог хаягдлыг цэвэрлэх, түрж отволдох, дарж булшлах, тэмдэгжүүлэх, камержуулах зэрэг ажил хийгдлээ. Цэвэрлэгдсэн талбайд дахин хог асгахаас сэргийлж, Увш хар уулын урд үзүүрээс адаг хүртэл хамгаалалтын далан, зорчих хэсгийн зам дагуу 2000 м газарт зогоон татсан. Мөн нийтийн орон сууцуудын дунд ангилан ялгах зориулалт бүхий хогийн бункер 30 ширхгийг байрлуулж, гудамжинд 50 ш хогийн сав, сандал байрлууллаа. БОАЖЯ-аас санаачилсан “Ногоон паспорт” аян, “Хандлагаа өөрчилье” уриан дор аймагт байгуулсан 3.5 га ногоон төглийн ажлыг амжилттай гүйцэтгэж, тарьсан модыг усалж, арчлан ургуулсан ба намрын тооллогоор таримлын ургалт 95 хувьтай байна.

Усны эх, ундарга, нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн гол ус бохирдуулахаас сэргийлэх зорилгоор аймгийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг  шинэчлэн тогтоов. Энэхүү хамгаалалтын бүс нь аймгийн газар нутгийн 21%-ийг эзэлж байна. Эвдэрч эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг нөхөрлөл, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр нийт 57.9 га талбайд хийлээ.

ДӨРӨВ. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ЗАСАГЛАЛЫН БОДЛОГЫН ТАЛААР:

Аймгийн ЗДТГ-аас 2019 оныг  “Иргэнд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жил” гэсэн зорилтыг дэвшүүлж дараах ажлуудыг зохион байгууллаа. Аймгийн төв Улаангом суманд байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хуучнаар “Мини зах”-ын байрыг их  засварт оруулан төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудыг төвлөрүүлэн зохион байгуулж, шилэн кабельд холбосноор 20 байгууллага 160 гаруй нэр төрлийн үйлчилгээг үзүүлж сард дунджаар 6000-7000 орчим иргэн үйлчлүүлж, хагас жилийн байдлаар 35542 хүнд үйлчилгээ үзүүлсэн байна.

Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн дэмжлэг, ОНХО-ын эх үүсвэрээр хөдөөгийн 18 суманд онлайн хурлын тоног төхөөрөмж суурилуулж бүх төрлийн сургалт, мэдээллийг цаг хугацаа, орон зайны хамааралгүй хямд зардлаар шуурхай хүргэх, мэдээлэл солилцож сургалт явуулах боломж бүрдлээ.   Аймгийн ЗДТГ-ын архивын тасгаас 8 суманд ажиллаж хөдөөгийн 413 малчид, иргэдэд тэтгэвэр тогтоолгохтой холбоотой баримтаас цалингийн түүвэр, ажилд орсон гарсан тушаал, малын “А” дансны хуулбар, 70-р дансны хуулбар зэрэг лавлагаагаар үйлчилж төрийн үйлчилгээг суманд нь хүргэж ажилласан нь үр дүнтэй ажил болсон. 2019 оны 11-р сарын байдлаар 1650 иргэнд  архивын лавлагаагаар үйлчилж ажилласан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бөхмөрөн, Зүүнхангай сумдын нутгийн удирдлагын ордонг ашиглалтад оруулж, Сагил сумын нутгийн удирдлагын ордонг шинээр барих ажлыг эхлүүлэн 2019 онд төсөвлөсөн ажлыг бүрэн гүйцэтгээд байна. Өмнөговь сумын Холбоо, Сагил сумын Боршоо, Улаангом сумын Шатад багуудад багийн төвийн байр шинээр барьж, алслагдсан багийн иргэд эрүүл мэндийн үзлэг, хурал цуглаан, баяр ёслол зэрэг төрийн үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулах орчныг бүрдүүллээ.

Мөн ОНХО-аар Бөхмөрөн, Тариалан, Тэс сумын ЗДТГ-ын автомашины парк шинэчлэл, өмнөх онд мотоцикл олгогдоогүй Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Өндөрхангай, Баруунтуруун зэрэг сумдын 15 багийн Засаг даргыг унаажуулснаар Увс аймгийн бүх багийн Засаг дарга, хөдөөгийн 64 багийн эмч унаажиж иргэдэд хүргэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байх нөхцөлийг хангах үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон. 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан УИХ, ЗГ, Төрийн Албаны Зөвлөлийн нийт 47 тогтоол, журмууд шинэчлэгдэн гарсан бөгөөд тухай бүр төрийн байгууллага, албан хаагчдад танилцуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн, аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 7 агентлагийн 136 албан тушаалд хамаарах 105 албан тушаалын тодорхойлолтыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хянуулж батлах зөвшөөрөл авсан нь цаашид хуулинд өөрчлөлт орохоос бусад тохиолдолд бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн алба хаагчдын ажлын байрыг хасах явдал хуулиар хамгаалагдаж байна.

Увс аймагт Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-тай хамтран 2019 оны 06 дугаар сард  Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан “Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалт, ЗГХЭГ-ын “Төлөвлөлт хяналт-шинжилгээний уялдааг хангах нь” сэдэвт баруун бүсийн сургалтуудыг зохион байгуулж Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарч буй УИХ, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн талаар сурталчиллаа

Гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн чиглэлээр:

2019 онд Увс аймгийн Засаг дарга миний бие Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан БНКиргиз улсад айлчлал хийж Иссык куль муж ба Увс аймгийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар хэл соёл, түүх гарал угсаа нэгтэй бүс нутгийн ард түмэнтэй аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломж бүрдлээ. ОХУ-ын Тува улсын Ерөнхийлөгч Ш.В.Кара-оолын санаачилгаар 2019 оны 06 сард Кызыл хотноо “Сибирийн хэлэлцээр” төслийн хүрээнд хэрэгжүүлэх бүс нутгуудын эдийн засгийн хамтын ажиллагааны холбооны хуралд ОХУ-ын Сибирийн тойргийн 10 бүс нутгуудын удирдагчид болон БНХАУ-ын ШУӨЗО-ны дэд дарга нартай хамт оролцон “Төв Сибирь-Баруун Монгол-Баруун Хятад” сэдэвт хил дамнасан автозамын тээврийн коридор байгуулах төслийг хэрэгжүүлэх Протоколд гарын үсэг зурсан.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын Пусан хотноо төвтэй Ази, Номхон далайн хотуудын олон улсын аялал жуулчлалын томоохон байгууллагын 9-р ассамблейд оролцон гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан нь Увс аймаг дэлхийн 24 орны 124 хотуудтай аялал жуулчлалын салбарт олон улсын түвшинд хамтран ажиллах, олон улсын сайтад аймгийнхаа аялал жуулчлалын нөөцийг сурталчлах, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх боломж бүрдлээ. 2019 онд ГХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн хүрээнд Тогтвортой аялал жуулчлал-Хүртээмжтэй эдийн засаг, АХБ-ны Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламж, ШХА, Японы Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал төсөл, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сан-Монгол Ирвэс төвийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл, Мерси Кор ОУБ, АНУ ЭСЯ, Канад сан, Пусан хотын “Сайхан хүмүүс” ТББ зэрэг олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн салбарт нийтдээ 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий хөрөнгө оруулалтын ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн байна.

ТАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН  БОДЛОГЫН ТАЛААР:

“Эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил, уулзалт, зөвлөгөөн, шаардлагатай хориглолт хязгаарлалтыг тогтоох, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2019 оны 11 дүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг -7 нэгжээр, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг -4 нэгжээр, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг -11 нэгжээр, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг -8 нэгжээр, хилийн зөрчил 50 хувиар, хил зөрчсөн хүний тоо 75 хувь, хилийн дэглэмийн зөрчил 87.5 хувиар, хулгайлагдсан малын тоо 96.7 хувиар тус тус  буурсан үзүүлэлттэй байна.

Мөн Авлигатай тэмцэх газраас 2 жил тутамд тогтоодог шударга байдлын үнэлгээгээр аймгийн Засаг даргын тамгын газар нь 2018 онд 2 дугаар байранд, 4 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт аймаг 95.2 хувьтай буюу “А” үнэлэгдлээ.  Энэ онд Аж үйлдвэрийн салбарт 19.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 21.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс үйлдвэрлэлт 40.0 хувиар, бүтээгдэхүүн борлуулалт 51.1 хувиар өссөн байна.

 Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг, дэмжлэгийг оруулан тооцсоноор 2018 онд аймгийн төсөвт 24.6 тэрбум төгрөг оруулахаас 25.3 тэрбум төгрөгийн орлого орж төлөвлөгөөний биелэлт 102.5 хувьтай, 626.9 сая төгрөг буюу 2.5 хувиар давуулан биелүүлж байна.

Нэг хүнд ногдох ДНБ аймгийн хэмжээнд 2018 онд 4.7 сая төгрөг болж, өмнөх оноос 20.1 хувиар нэмэгдсэн. Аймгийн ДНБ 388.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 21.8 хувиар өсөж баруун бүсийн хэмжээнд тэргүүлж байна. Өрсөлдөх чадварын үнэлгээний төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг тогтооход Увс аймаг баруун бүс нутагтаа тэргүүлж байна. Эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаагийн нэг илрэл бол иргэдийн хадгаламж нэмэгдсэн дүн мэдээ юм. Иргэдийн арилжааны банк дахь хадгаламжийн үлдэгдэл 2016 онд 60.0 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 9-р сарын байдлаар 116.0 тэрбумд хүрч бараг 2 дахин өссөн зэрэг эерэг олон сайхан үзүүлэлт гарч байгааг дуулгахад таатай байна.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийт 253 арга хэмжээ төлөвлөснөөс үр дүнтэй буюу 100 хувь хэрэгжсэн 217, тодорхой үр дүнд хүрсэн буюу 70 хувь хэрэгжсэн 23, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувь хэрэгжсэн 6, үр дүнгүй буюу 0 хувьтай 4, үнэлэх боломжгүй 3 арга хэмжээ байгаа бөгөөд хэрэгжилтийн ерөнхий дүн урьдчилсан байдлаар 94.2 хувийн биелэлттэй байна. Эдгээр ажлын амжилтаар иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлсэн, бүтээн байгуулалт өрнүүлсэн, нийгэм эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан, салбар тус бүрт хийгдсэн шинэлэг ажил, ахиц дэвшлээр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж ажилласан амжилтаараа Увс аймаг Монгол улсын “ТЭРГҮҮНИЙ АЙМАГ”-аар шалгарсныг  дуулгахад таатай байна.

 Энэ амжилт бол бид бүхнийг дэмжин, хамтран ажилласан аймгийн ИТХ болон сумдын ЗДТГ, 23 агентлаг, Увс аймгийн 4955 төрийн албан хаагчид, хөдөлмөрч бүтээлч иргэд, аж ахуйн нэгжүүд та бидний хамтын амжилт юм.

Бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран зүтгэсэн та бүхэндээ баярлалаа. 

 

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-26
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -36 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -26 ℃
Шөнө: -37 ℃
2020-01-19
Өдөр: -26 ℃
Шөнө: -36 ℃
2020-01-20
Өдөр: -25 ℃
Шөнө: -36 ℃
2020-01-21
Өдөр: -25 ℃
Шөнө: -35 ℃
2020-01-22

БӨХМӨРӨН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

  • 42
  • 0
  • 2020-01-13

ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГА УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  • 42
  • 0
  • 2020-01-15

УВС АЙМАГТ БАЙТ ХАРВААНЫ ХОЛБОО БАЙГУУЛАГДАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

  • 56
  • 0
  • 2020-01-13

ФУТЗАЛНЫ БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

  • 64
  • 0
  • 2020-01-09

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО 2020.01.09-НЫ ӨГЛӨӨ ЭХЭЛЛЭЭ.

  • 102
  • 0
  • 2020-01-10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХЯЗГААРЛАЛАА.

  • 688
  • 0
  • 2020-01-08

Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургууль Эцэг эхийн өрөөтэй боллоо.

  • 33
  • 0
  • 2019-12-25

УВС АЙМГИЙН ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫГ УЛСЫН ТӨСВИЙН 736 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР “ФАМИЛИ ПАРТНЕРС” ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН 2019.12.27-НИЙ ӨДӨР УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА.

  • 35
  • 0
  • 2019-12-27

"ЦЭНХЭР ХЯЗГААРЫН МӨНГӨН ШӨНӨ 2020" ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ

  • 61
  • 0
  • 2019-12-31

"ЦЭНХЭР ХЯЗГААРЫН МӨНГӨН ШӨНӨ 2020" ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ

  • 62
  • 0
  • 2019-12-31

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС” БОЛОН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

  • 67
  • 0
  • 2020-01-14

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах ажлыг зохион байгуулав.

  • 317
  • 0
  • 2019-12-04

2020 оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах ажил явагдаж байна.

  • 216
  • 0
  • 2019-10-25

Төрийн өмчтэй холбоотой журам, эрх зүйн акт тэдгээрт орсон шинэчлэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.

  • 358
  • 0
  • 2019-11-18

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" зохион байгуулав.

  • 602
  • 0
  • 2019-10-21

НҮБ-ЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОД ТАРИЛАА

  • 586
  • 0
  • 2019-10-21

АРЬС ШИРНИЙ САЛБАРЫНХАН ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

  • 532
  • 0
  • 2019-10-21

УВС ТҮНШЛЭЛ-2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

  • 483
  • 0
  • 2019-10-18

УВС АЙМГИЙН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН

  • 891
  • 0
  • 2019-10-18

ЯВУУЛЫН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 380
  • 0
  • 2019-10-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос