Нутгийн бахархал

Нутгийн бахархал

Нэг. Элжигэн овог

 Элжигэн овгийн гарал  угсааны түүх өдгөөгөөс 7000-8000 жилийн өмнөөс яригддаг боловч Монгол хаадын захиалгаар Рашид-ад-дан, Болд чижан нарын олон эрдэмтдийн хамтран бүтээсэн судрын чуулганд бичсэнээр тооцвол МЭӨ 10-р зуунд Эргүнэ хунд орж нутагласан ясан төрлийн Хиан нохос/нокуз/ хоёр овог 400 жил нутаглаад МЭӨ 6-р зуунд нүүж гарч ирэхэд дээрх 2 овог өнөр өтгөн болж 18 овог болж гарч ирсэн гэдэг билээ. Түүн дотор нэг эцгээс үүсэлтэй Горлос элжигэн хоёр багтаж байжээ. Кунгирит аймгийн тэргүүлэгч болох Журлук мэргэний 3 дахь хүү Тусу-бу-дауд нь Харанут, Кункмуут хэмээх 2 хүү төрүүлжээ. Кункмуут нь эцгийнхээ эхнэрийг авч Мисар-Улук хэмээх хүү төрүүлжээ. Мисар-Улук мөн эцгийнхээ эхнэрийг авч түүнээс төрсөн хүүгээ Куралас /Горлос/ хэмээн нэрлэжээ. Мисир –Улук бас Киданаас эхнэр авсан бөгөөд түүнээс төрсөн хүүгээ Элжигэн хэмээн нэрлэжээ. Кидан эхнэр Монгол газар ирэхдээ илжиг унаж ирсэн учир хүүгээ Элжигэн гэж нэрлэжээ. Горлос, Элжигэн 2 нэг эцгийн хөвгүүд ах дүү нар юм. Горлос овгоос Алун-гоо эх төрсөн. Алун-гоо эхээс Боржигдай мэргэн төрсөн зэрэг нь Элжигэн овог нь Боржигон болон бусад овгуудтай ясан төрлийн холбоотойг нотолдог.

             Элжигэн овог бол өдгөөгөөс 3000-аад жилийн өмнө үүссэн язгуурын Монгол овог бөгөөд Их Монгол улсыг байгуулахад эзэн Чингэсийн 13 хүрээний нэг болон зүтгэж явсан дайчин бахархалт овог юм. Элжигэн овгийн нийтлэг тотем нь /дормон тамга/ гэж үздэг. Дормон тамгыг төв халхад Чойнзон тамга гэх нь бий.

Хоёр.Цагаан сүлд

Монгол угсаатны дунд Элжигэн халхын цагаан сүлд Цахар үүгийний цагаан сүлд, Ордос дархадын хар сүлд хэмээх 3 сүлд Монгол төрийн мандан бадрах сульдан доройтох  бүх цаг үеийг туулан өдгөө хүртэл хадгалагдан тахигдан шүтэгдэж иржээ. Чингэс хааны 9-н хөлт цагаан тугийг 1205 оны 09 сарын 25, 26-нд амилуулсан гэж үздэг. Дээрх 3 сүлдний өчиг дуудлагад дээд 99 тэнгэр, туулын 3-н улхуны саглагар модноос амилсан зэргээр ижил дууддаг нь уг сүлднүүдийн гарал үүсэл нэг болохыг заадаг. Элжигэн овогт хадгалагдаж ирсэн цагаан сүлд бол одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт хадгалагдаж ирсэн цорын ганц сүлд юм. Ийм учраас элжигэн бид цагаан сүлдээ “Төрт ёсны бэлэгдэл”, Монгол төрийн 9-н хөлт Цагаан тугийн эцэг сүлд гэж тахиж шүтдэг юм. Сүлдийг 1919 он хүртэл 3 жилд 1 удаа алгасалгүй тахиж ирсэнийг 1895-1914 он хүртэлх хугацаанд уг ёслолд биеэр оролцож байсан Клеменц Б Я Владимирцов Дилав хутагт Жамсранжав нарын дурдатгалд тодорхой байдаг.

Гурав.Төрийн тахилгат уул- Хан өргөмжит Хөхий

Ханхөхий уулын тахилгат овоог Гойдодгүнжинноровсампил хэмээнэ. Монголчилвол юу санасан хүссэн бүхнийг ханган арвижуулагч эрдэнэ гэсэн үг юм. Ханхөхий уулыг Монгол улсын ерөнхийлөгчийн 2007 оны 07 сарын 26-ны өдрийн 183-р зарлигаар Монгол төрийн тахилгатай болгосон юм. Түүхэн уламжлалаас үзвэл Монгол газар нутаглаж байсан Түрэгүүд 6-8-р зууны үед Енисейн Киргисүүд, Тувачууд, 9-12 зууны үед Ойрд, Дархад, Сартуулууд 15-17-р зууны үед Ханхөхийн уул овоог тахиж байсан аж. Элжигдүүд 1757 оноос эхлэн тахиж иржээ. Алтайн 13, Хангайн 23, Ханхөхийн 33 овоог тайж тахидаг байсан нь газрын эзэн хэвцэг, хажир догшин лус савдагтай газар орон арвин байсны учир Алтай, Хангайгаас олон тахилгат  овоотой байсных юм. 

Дөрөв.Лу гүн

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн соён гэгээрүүлэгч Сэдбазарын Лувсандондов нь 1854-1908 оны хооронд амьдарч 1876-1908 он хүртэл элжигэн их хошууны засагт ноён тэрээр Монгол улсын эрх ашигт хамаарал бүхий олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд өөрийн хурц мэргэн ухаанаар төрд зүтгэсэн аж. Үүнээс улс орон даяар дуулиан тарьж ард олноо домоглон ярилцагддаг 3 үйл явдлыг товч дурдъя.

  1. Монголын үндэсний эрх  чөлөөний хөдөлгөөний анхны уриа дуудлага болсон 1900 оны Улиастайн 2000 цэргийн бослогод оролцсон цэргүүдийг манжийн тал дуудан ирүүлж ял асуухаар болсон ч лу гүн 2  аймгийн 2000 танхай цэргийг тус бүр 2 хүнээр харгалзуулан хүргүүлье гэсэнд Манж албаныхан 2000 танхай цэрэг тус бүр 2 харгалзагчтайгаа 6000 болох аюултай гэж болгоомжлоод больсон гэдэг.
  2. Түүхэнд хүрээний лам нарын зодоон гэж алдаршсан зодооноор гарсан хохиролыг Манжийн тал нэхэмжилсэнд Лу гүн даруй дэмжин зөвшөөрч хууль журмын дагуу 3 хоногт багтаан төлөв. Харин танай худалдаачид 3 хоногийн дотор хүрээгээр нэг тарсан худалдаа эрхлэх зөвшөөрөл бүхий наймаа хотдоо 3 хоногийн дотор төвлөрүүлэх ёстой гэжээ.  Манжийн талын нүүдэл суудал хийх зардал нь зодооноор учирсан хохиролоос нь давж гарсан тул өр төлүүлэхээ болсон гэдэг.
  3. Грот гэгч Түшээтхан, Сэцэн ханы нутаг мөн Орхоны зэрэг газраас алт ухах ажлаар эхлэхэд түүнийг зогсоох хүсэлтийн бичгийн эхийг Лу гүн зохиож халхын 86 хошуу, шавийн 17 отгийн ноёд, дарга нартай хамтран манжийн хаанд өргөн мэдүүлж заргалдаж цаашид нэмж хайгуул хийлгэж уурхай нээлгээгүй юм. Лу гүн тухайн цаг үеийн нэрт соён гэгээрүүлэгч байлаа. Тэрээр 26  насанд Эрдэнэ богд Ханхөхийн магтлага хэмээх 400 гаруй мөр бүхий магтаал найраглал, олон шүлэг дууны шүлэг зохиож ая дан тааруулан дуулуулж өвгөн шувуу 2 харилцаа дуугар театрчилсан тоглолт хийж байсан нь Данзанравжаагийн Саран хөхөөний дараа орох ач холбогдол бүхий үйл явдал байжээ. Судлаач гүн-үйлс 9 зууны сонгодог бадагууд номдоо 19-р зууны төлөөлөл Ванчинбалын Инжинаш, Гулранс, Данзанравжаа, С.Лувсандондов нарыг дурдсанаас харахад бахархууштай. Лу гүн Ханхөхийн хүрээний Цогчин дуганыг барих, засварлах ажлыг зааварлан гардан гүйцэтгэж байсан гэдэг. Лу гүн хошууныхаа ядуу иргэдэд өөрийн сангаас мал хөрөнгө өгч амьжиргааг нь дэмжихийн зэрэгцээ ядуусыг дацангуудад хуваарлин өгч хооллуулах, баячуудад хуваарлин өгч ажлаас нь хамжуулан хөлсийг нь өгүүлэх зэрэг ажлуудыг байнга хийдэг байсан зэрэг бүхий л амьдралаа төр түмнийхээ төлөө зориулж ард түмнээсээ бурхан жанжин ноён алдрыг хүртжээ.

Тав.Баруунтуруун гол

Ханхөхийн нурууны Согоо нуур, Улаан эрэг, Мөстөөс эх авч Хавчиг, хөх эрэг, Урд, Дунд, Хойд шаварт, Жинг, Арсанагийн голууд болон Ханхөхийн нурууны араас буух олон голууд нийлэн уртааш 127 км урсан Бөөрөг дэл элсэнд шургана. Бөөрөг дэл элсэнд шургаж Бага нуур, Баян нуурыг тэжээгээд Баян нуураас хойд гол болон урсаж Нарийний голд цутган улмаар Увс нуурт цутгадаг. Сав газрын талбай 1411  м2  бөгөөд Өндөрхангай, Баруунтуруун сумын нутгаар урсана.

  • 1-р эрэмбийн 190 гол урсаж
  • 2-р эрэмбийн 59 гол болж
  • 3-р эрэмбийн 13 голд цутгаж 13 гол урсана.
  • 4-р эрэмбийн 6 голд цутгаж
  • 5-р эрэмбийн 1 голд цутгана.

Энэ нь Баруунтурууны гол нь 5-р эрэмбийн гол юм. Баруунтурууны гол 190 булаг шандаас эхтэй.

Зургаа.Сумын газар зүйн байршил

Манай сум ойт хээр, хээр, говь, цөл хосолсон 465.0 мянган га газар нутагтай. Монгол оронд байх байгалийн бүх бүслүүр байдаг. Хавар намартаа хээр талдаа, дундаа ойт хээр, өвөл говьдоо, гэх мэтээр улиралаар сэлгэн нутаглах боломжтой учир 5 төрлийн малыг тавууланг нь адгуулан маллахад нэн тохиромжтой. Байгалийн бүх бүслүүр байх учир тэнд ургадаг бүх төрлийн ургамал ургаж байдаг. Энэ нь малаас гарах мах, сүү, ноос, ноолуур бүх бүтээгдэхүүнийг арвин чанарлаг болгодог. Малчин хөдөлмөрийн баатар-4, улсын сайн малчин-1 төрөн гарсан юм. Дээхнэ үед хүмүүс тэнгэрт диваажин, газарт 1 диваажин газар дор 1 диваажин байдаг гэж итгэж байж. Газар дээрх диваажин манай нутаг юм гэж боддог байж. Тийм учир тэнгэр лус хоёрын дундах диваажин гэж бодож нутгаа газрын дундад диваажин гэж нэрлэж л дээ. Манай сумын нутагт 7 багийн 16 овгийн 42 төрөлд хамаарах 61 зүйлийн хөхтөн амьтад, мөн 56 овогт хамаарах 99 зүйлийн 413 төрлийн ургамал ургадаг. Манай сумын нутаг хойшоогоо Бөөрөг дэл элс, урд талаараа Их Монгол элстэй тулна.

  Долоо. Алтан дуулга

Алтан дуулга бол далайн түвшнээс дээш 2928 метр өндөр өргөгдсөн Ханхөхийн нурууны ноён оргил юм. Алтан дуулга түүний ар талын Майхан цахир, Нарийн хамар, Дунд хамар, Сонгинот, Нураг, Ярхадын бүлэг уулс, Ярхадын гол дагуух Устай толгой, Бураатай толгой зэрэг газрууд нь Ханхөхийн нурууны байгалийн цогцолборт газрын онцгой бүсэд хамаарагдана. Алтандуулгын тагийн бүслүүрээс доош Шинэс, Хушин ойтой арагш Ярхад, Цагаан сайрын голууд урдаасаа Хангилцаг, Арцатын голууд эх аван урсдаг. Алтандуулгын оройгоос тал тал тийш хараачилахад Өндөрхангай сумын төв, Цагаанхайрхан сум, Баруунтуруун сум, Тэс, Зүүнговь сумын төв, ОХУ-ын Эрзин район түүний сумууд, Бөөрөг дэл элс урагш Их Монгол элс алтран харагдаж ухаан бодлыг цэлмээх шиг болдог. Ярхад орчмын ян сарьдаг уулст хүний мөр цөөн хүрсэн бөгөөд тэнд халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, Баданга, Хүдэр, чоно, шилүүс, нохой зээх, дорго, суусар, солонго, жирх, үен, хэрэм, чандага, хойлог, хур сойр, мэт ан амьтад жигүүртэн шувууд тааваараа идээшлэн нутагладаг билээ. Мөн Алтайн сонгино, хушны самар, алирс, үхрийн нүд, улаалзгана, чонын элэг, нохойн хошуу, тошлой зэрэг жимс жимсгэнэ регомбо, алтангагнуур, шархны шар, хонлин зэрэг эмийн ургамал ургадаг юм. Ярхадын дунд хамрын эхэнд хүйс хэмээх үзэсгэлэнт газар  байдаг бөгөөд тэнд 19-р зууны үед Диян бясалгал хийж байсан лам нарын туурь байдаг ба түүний байшингийн өмнө этгээдээс Алтан дуулга оргилын ар луу буух горхины бяцхан хүрхэрээ цайвалзан байх нь нэн үзэсгэлэнтэй байдаг. Нутаг орноосоо алс хол яваа эрчүүд нутагтаа ирэхдээ Ханхөхийн төрийн тахилгат овоондоо мөн Алтандуулгынхаа овоонд заавал мөргөж хийморь сүлдээ сэргээж үйлс явдлаа даатгадаг билээ.

Найм.Буштаг уул

       Буштаг уул нь Ханхөхийн нурууны байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс юм. Алтан бургас, Салхи муут, Жинс, Ханан, Ур, Дунд, Хойд шаварт, Зайрангийн халзан, Могойн гозгор зэрэг бүлэг уулсыг Буштаг хэмээнэ. Буштаг орчмын уулсын Боржин хаднууд нь нэн сонин тогтоц хэлбэртэй. Тухайлбал Жинс, Алтан бургас гэх мэт. Буштагийн уулс нь далайн түвшнээс дээш 2000 метр хүртэл өргөгдсөн хуш шинэсэн ойтой. Өвөр булаг, Урд, Дунд, Хойд шавартын голууд Могой хожуулын голын цутгалууд эх аван урсдаг. Хушны самар, аньс, улаалзгана, гүзээлзгэнэ, үхрийн нүд, шар төмс зэрэг жимс элбэг ургадаг. Халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, шилүүс, чоно, нохой зээх, суусар, солонго, жирх, үен, хэрэм, чандага, тарвага зэрэг ан амьтад элбэг. Дотоод, гадны аялагчид Алтан бургас, Жинс орчмоор зуны улиралд байнга аялан явдаг. Алтан бургас гэдэг нь манай нутагт байх төгөл улиангар юм. Нутгийн хүмүүс  намрын цагт улиангарын навч нь алт мэт шаргалтаж салхины аясаар шигширэг, шигшрэх мэт чимээ гаргаж байх нь нэн үзэсгэлэнтэй тул нутгийнхан Алтан бургас хэмээн нэрийджээ. Хад чулуу нь янз бүрийн хэлбэртэй. Ээж хад гэх мэт. Мөн хадны хэлбэр дүрсийг ашиглан цагаан, ногоон дарь эхийг урлан бүтээсэн нь бий. Хүмүүс Буштагийн самрыг том гэлцдэг. Намар цагт жимсчид, анчдын жаргалын орон болдог газар юм.

Ес.Гандандаржаалин хийд

     Гандандаржаалин хийд анх байгуулагдсан 1818 оноос хойш 1921 оны хувьсгалаас өмнө Элжигэдийн шашин, соёл, боловсролын төв хүн ардынх нь итгэл найдвар, сүсэг бишрэлийн төв бахархал нь байсан юм. Хувьсгалын шуурганд өртөж оргүй устгагдсан ч ард түмний сэтгэл зүрхэнд жаргашгүй зул болон гэрэлтэж бадмалсаар 1990 оноос хурал номын ажлаа эхлүүлж 1997 онд цогчин дуганаа бүтээн цогцлоосон билээ. Гандандаржаалин гэх нэр бидний оюун ухаанд уламжлалт шарын шашин гэдэг ойлголтоор бууж байдаг. Гандандаржаалин хийдийн одоогийн байдал төрх хүн бүрийн бодолд янз янзаар буудаг биз. Хүний оюун ухаан болон гараар бүтээж болдог зүйлсийг улам төгөлдөржүүлж түүгээрээ бахархаж болно. Бидний өвөг дээдсийн байгуулж үе үедээ улам өргөжүүлэн 22 дацантай 1000 гарай ламтай засаг захиргаа соёл шашны томоохон төв, сургууль болгосныг өртөөлөн авч өөр өөрийнхөө үеийн хувь нэмрийг оруулж дахин элжигэдийн шашин, соёл, сүсэг бишрэлийн төв бахархал болгох учиртай.

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
11
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 1 ℃
Шөнийн салхины хурд 8 м/с
Өдөр: 12 ℃
Шөнө: -1 ℃
2018-09-20
Өдөр: 14 ℃
Шөнө: -1 ℃
2018-09-21
Өдөр: 15 ℃
Шөнө: 1 ℃
2018-09-22
Өдөр: 14 ℃
Шөнө: 3 ℃
2018-09-23

Цахим холбоос